МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл аймагт ХЭДС-гаас олгодог жижиг зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн
2019.09.24
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймагт ХЭДС-гаас олгодог жижиг зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн

Ерөнхий сайдын багийг Хөвсгөлд тун сайхан хүлээж авлаа. Өчигдөр Засаг даргын Тамгын газрын "Соёмбо танхимд аймгийн иргэдтэй хийсэн уулзалт нэлээд орой болтол үргэлжиллээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар товч танилцуулсан.  Иргэдээс манай салбартай холбоотой олон асуулт, санал хүсэлт гарч байлаа. Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамж, ажлын байр нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг хөгжүүлэхтэй холбоотой асуултуудад тодорхой хариулт өглөө.

Тухайлбал, Хүрэлбаатар гуай Хатгал тосгонд ХЭДС-гаас хөрөнгө хуваарилж ажлын байр шинээр бий болгохыг дэмжих боломжтой эсэхийг асуусан. ХЭДС-гаас орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, жижиг зээл олгоход зорилусан хөрөнгийг нэмэх бодлого барьж байгаа. Энэ сан гадаадаас авч буй ажиллах хүчний ажлын байрны төлбөрөөс санхүүждэг бөгөөд миний хувьд төр засаг иргэдээ ажилтай орлоготой байлгахын тулд улсын төсвөөс хөрөнгө гарган ХЭДС-д төвлөрүүлэх ёстой гэж үздэг хүний нэг. 

Манай Засгийн газар, Ерөнхий сайд энэ тал дээр нэлээд анхаарч ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг зээл олгох ажлыг дэмжин ХЭДС-д улсын төсвөөс 20 сая төгрөгийг төвлөрүүлсэн. Бид жижиг зээлийн орлогоо тооцож үзээд орон нутагт зээлийн эх үүсвэрийг нэмж өгч байгаа бөгөөд энэ хүрээнд Хөвсгөл аймагт 100 сая төгрөгийг хуваарилсан. Ирэх сар гэхэд энэ санхүүжилтийг жижиг зээл хүссэн иргэдэд хүргэх байх. Харин Хатгал тосгонд ХЭДС-гаас хөрөнгө хуваарилах асуудлыг ирэх оны төлөвлөгөөнд тусгах боломжтой гэсэн хариултыг өглөө.

Тэтгэвэр бага байгааг олон хүн хэлсэн. Засгийн газраас улс орны эдийн засагт гарч буй нааштай өөрчлөлтийн үр шимийг иргэддээ хүргэх зорилгоор цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан шат дараатай нэмэгдүүлэх ажлыг хийж байгаа. 2018, 2019 онд бага боловч тодорхой хувиар нэмсэн. Ирэх онд ч нэмнэ. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг бууруулах чиглэлээр арилжааны банкуудтай хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрч байгаа талаар нэлээд дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Жил бүрийн 12-р сарын 3-нд тэмдэглэдэг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдрөөр Хөвсгөл аймагт том чуулган хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэ ажлыг ХНХЯ дэмжих боломжтойг хэллээ.

Мөн хувийн хэвшлийн ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарч болохгүй юу гэсэн асуулт гарсан. Хувийн хэвшлийн ажиллагсдын цалинг нэмэгдүүлэхэд Засгийн газрын оролцоо ганцхан байдаг. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх. Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар тогтоосон. Тэгэхээр хувийн хэвшилд ажиллагсдын цалингийн доод хэмжээ 420 мянгаас бага байж болохгүй л гэсэн үг юм.

Энэ мэт хөвсгөлчүүдийн олон асуултад хариулж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт барьж буй бодлогынхоо талаар товч танилцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ