МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудад ажиллав
2019.09.25
Орон нутгийн хөгжил

Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн төрийн байгууллагуудад ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн цэцэрлэг, нэгдсэн эмнэлэг, дулааны станцад ажиллалаа.

Мөрөн сумын Улсын тэргүүний “Хөх сувд” I цэцэрлэг 2018 онд өргөтгөлийн барилга ашиглалтад хүлээн авснаар 37 багш, ажиллагсадтай, есөн бүлэгт 400 гаруй хүүхэд хүмүүжиж байна. Аймгийн хэмжээнд улсын 45, хувийн таван цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. 2020 он гэхэд бүх хүүхдийг сургууль, цэцэрлэгт хамруулахыг зорьж байгааг аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлэв.

Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. 1500 орчим эмч, ажиллагсадтай эмнэлэг 135 000 орчим хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэдэг байна. Эмнэлэгт шаардлагатай байгаа 10 гаруй нэр төрлийн 20 гаруй сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг энэ үеэр хүлээлгэн өглөө.

Аймаг 50 ортой хүүхдийн эмнэлэгтэй ч оргил үед буюу 10-04 дүгээр сарын хооронд ачаалал ихэсч өдөртөө 120 хүртэл хүүхэд хэвтэн эмчлүүлдэг тухай Нэгдсэн эмнэлэгийн дарга С.Чагнаадорж танилцуулав. 100 ортой хүүхдийн эмнэлэг барих хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр улсын хэмжээнд зургаан  суманд жишиг эмнэлэг байгуулах төслийн хоёр нь Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Тариалан суманд хэрэгжих юм.Мөрөн суманд барьж байгаа Халдварт сүрьеэгийн 30 ортой эмнэлгийн барилгын ажлын явц 75 хувьтай байна.

Ерөнхий сайд мөн  дулааны станцаар орлоо. Станц 1700 орчим хэрэглэгчийг дулаанаар хангаж байна. Ачаалал жилээс жилд нэмэгдсээр байгаа учир энэ оноос шинээр хэрэглэгч нэмж холбох боломжгүй болсон. Иймээс өргөтгөл хийх зайлшгүй шаардлагатай байгааг ерөнхий инженер Ш.Нямханд хэлэв. Түүний танилцуулснаас үзвэл орон нутгийн нүүрсний онцлогт тохирсон, байгаль экологид сөрөг нөлөө багатай зуух сонгох, станцыг өргөтгөхөд урьдчилсан байдлаар 2.3-2.5 тэрбум төгрөг шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ