Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийлээ
2019.09.26
Уул уурхай, Ашигт малтмал

Б.Ганхуяг: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийлээ

Монголын мэдээ сонин, Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 оны есдүгээр сарын 24-ний байдлаар 12.5 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс 13.1 сая тонныг олборлож, төлөвлөгөөгөө давуулан биелүүлээд байгаа аж. Эдгээр болон бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягаас тодрууллаа.


 

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашиг орлого сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хэдэн төгрөгийн орлоготой үйл ажиллагаа  явуулж байна вэ? 

-Өнөөдрийн байдлаар 2.1 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллалаа. Цэвэр ашиг 677 тэрбум төгрөг буюу 102 дахин давуулж чадсан. Улсын төсөвт 478 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ. 2019 оны хувьд компанийн хамгийн том зорилт биелсэн. Тухайлбал, дагалдах төсөл хөтөлбөрүүд буюу төмөр зам, автозамын төслүүдээ эхлүүлэх, зогссон байсан төслүүдээ дахин эхлүүлэх ёстой байсан. Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг анхны хөрөнгө оруулалт буюу 156 тэрбум төгрөгөөр эхлүүллээ. Ерөнхийлөгч болон холбогдох сайдууд газар дээр нь очиж танилцсан. Ажил амжилттай урагшилж байгаа. Уг зам нь стратегийн олон гарцыг бий болгоод зогсохгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаа юм.

-Бүтээн байгуулалтын ажил багагүй хийж байх шиг  байна. Ажил ямар хэмжээнд үргэлжилж байна вэ?  

-Тавантолгой-Гашуун Сухайт”  буюу удаан хугацаанд зогсчихсон байсан төслийн анхны хөрөнгө оруулалт, далан сэргээх,  дээд доод бүтцийн ажилд 698 сая ам.доллар шаардлагатай байгаа. Үүнээс эхний 110 сая долларыг ТУЗ-ийнхаа хүрээнд шийдвэрлэсэн. Улмаар Засгийн  газрын тогтоолын хүрээнд ажил  эхэлсэн. Үүнийг дагаад Тавантолгой, Оюутолгой, Хангимандлын чиглэлийн автозам, Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн парлель  автозамын ажилд  концесын гэрээ байгуулагдаад үйл ажиллагаа эхлэхэд бэлэн боллоо. Ерөнхихйдөө хөрөнгө оруулалтууд бүрдсэн гэж ойлгож болно. Хамгийн чухал нь,  бид  боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үүрэгтэй. Энэ хүрээнд 10 сая тонн хүчин чадал бүхий гурван блок нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж  байна. Бидний төлөвлөсөн дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил хийгдээд явж байгаа. Энэ орлого хэд дахин өсөх боломжтой. Жишээлбэл, Тавантолгой-Гашуун Сухайтын төмөр зам ашиглалтад орсноор нэг тонн нүүрсийг хилээр давуулахад 32 доллар төлдөг байсан бол найман доллар болж байгаа юм. 

-Цаашид нүүрсний үнэ унаж болзошгүй байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ойрын таван жилийн хугацаанд тогтвортой байгаа. Гэхдээ  2020 оны хоёрдугаар улирлаас уналтын байдалд орж болзошгүй. Зөв менежмент хийснээр давж гарах боломжтой бөгөөд эрсдлийн төлөвлөгөө гаргана. 

-IPO хийх ажил ямар хэмжээнд байгаа вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК  Олон улсын хөрөнгийн зах зээлд IPO гаргах үүргийг Засгийн газар өгсөн. Үүний дагуу төлөвлөгөөгөө гаргаж, дотоодын дата баз  үүсгэж буй. Энэ стандартын дагуу бичиг баримт  бүрдүүлэх ажил үндсэндээ дууссан. Засгийн газрын 296 дугаар тогтоолын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхээс гадна,олон улсын зөвлөхүүд хамтран ажиллаж байгаа. Энэ ордын найман лицензийн зөвхөн нэг нь буюу Зүүн цанхийн лицензийг Олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж хөрөнгө босгох үүрэг хүлээж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” төсөл бол 3.7 тэрбум ам.долларын төсөвтэй шүү дээ. Үүний анхны хөрөнгө оруулалтыг компани өөрөө хийх бүрэн чадамжтай. Дунд хугацааны хөрөнгө оруулалтыг IPO болон Олон улсын хөрөнгийн зах зээлд гаргана. Харин бусдыг нь хөрөнгө оруулагчдаар гэсэн гурван хувилбар бий. Яг төлөвлөсөн цаг хугацааны дагуу явж байна. Зарим хугацаа алдсан асуудал нь  зохион байгуулалт гэхээсээ илүү бичиг баримт боловсруулалттай холбоотой зүйлүүд бий. 

-“Эрдэнэс Тавантолгой Майнинг”  компанийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч, Дунд хугацаанд хэчнээн хөрөнгө татах вэ?

-“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн  гол зорилго нь Олон улсын зах зээлд гарч нээлттэй компани болох, цаашлаад  хамгийн чухал нь хөрөнгө босгох үүрэгтэй. Урьдчилсан тооцоогоор 700-1.2 тэрбум ам.доллар гэдэг тооцоо гаргасан. 

-Хувьцааны талаар  иргэд их асууж байна. Ер нь цаашид хувьцааны үнэ өсөх үү?

-Хувьцааны үнэ өснө гэдэгт  эргэлзэх шаардлагагүй. Яагаад гэвэл, 2016 он хүртэл өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”  ХК ашиггүй ажилласан. 2016 оны эцэст 36.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол 2017 онд 406, 2018 онд 807, 2019 оны эхний хагас жилд 677 тэрбум болсон. Энэ хэрээрээ компанийг сонирхох бизнесийн орчин сайжирч байгаа юм. Ингэснээр компанийн хувьцаа эзэмшигчийн хувьцаа өндөр болно. Тухайн иргэн,  хэдэн хувьцаа эзэмшихээс шалтгаалаад нэмэгдэж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ