МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө хангадаг
2019.09.30
Орон нутгийн хөгжил

Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө хангадаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотын “Эвт” худалдааны төвд болж байгаа Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын ногоочдын өдөрлөгт оролцов.

Хэнтий аймаг жилд 5000 тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг нь аймгийн иргэдийн хэрэгцээний 70 гаруй хувь гэсэн үг юм. Энэ жил ноднин жилээс арвин ургац авах төлөвтэй байгаа, Ховдын тарвасыг нутгийнхаа хөрсөнд нутагшуулахаар анх удаа тариалсан тухай аймгийн удирдлага танилцуулав. Хамгийн гол нь хурааж авсан нийт төмс, хүнсний ногооныхоо 1700 тонныг л зооринд хадгалах боломжтой байдаг ногоочдод хүндрэл болдог байна. Иймээс зоорь барих хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүсч байв.

Услалтын систем, трактор, шаардлагатай багаж, хэрэгслээр хангах тухай хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэсэнд ногоочид талархал илэрхийллээ.

Эрүүл хүнсээр иргэдээ хангах нь Засгийн газрын гол зорилтын нэг. Энэ нь газар тариалангийн салбар, энэ салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдээ дэмжинэ гэсэн үг. Энэ чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Тэрээр хөтөлбөрийн дагуу ахмадуудын уулзалтад оролцож, хотын төвийн болон Чингис хаан-Бэрх тосгон чиглэлийн 20 км автозамын ажлын явцтай танилцаад Сүхбаатар аймгийг зорино гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭ МЭДЭЭ