МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.01
Эдийн засаг, Худалдаа

Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр онцгой анхаарах хэрэгтэй байна

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.10.01/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Төсвийн гүйцэтгэлээс бид дүгнэлт хийх хэрэгтэй. Аудитын байгууллагаас гаргасан тайлан байна. Энд дурдагдсан хариуцлаггүй төрийн албан хаагч, байгууллага зэрэгт анхаарах хэрэгтэй. Мөн төлөвлөлтийн асуудлыг анхаарах хэрэгтэй байна. Удахгүй 2020 оны улсын нэгдсэн төсөв хэлэлцэх гэж байна.

2018 оны төсөв тодорхой ашигтай байлаа. Сангийн сайд төсвийн хариуцлагыг сайжруулах чиглэлд ажиллана гэж хэлж байсан. Үүний үр дүн ч харагдсан. 

Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Тендэрийг орон нутагт шилжүүлсэн нь ер нь зөв үү? Орон нутгийн гүйцэтгэл хэр байна вэ? Хуучин ТӨБЗ-ын газар хийж байсан тоог энд тодорхой хэлж өгнө үү? Орон нутагт зарим газар тендэр ч зарлагдаагүй байна. үүнд боловсон хүчний алдаа их байна. Төрийн албан хаагчийн буруугаас болж ажил хойшлох тохиолдол байна.

Ядуурал 1 пунктээр буурсан нь сайхан ч эдийн засгаа зөв чиглэлд залсан уу гэдэг эргэлзээ үүсгэж байна. Сангийн яам хөгжлийн бодлого барьж байгаа байгууллагын хувьд ядуурлыг бууруулах чиглэлд ямар зорилт бариад хэдэн хувьд нь хүрч байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Ядуурал буурах нь ажлын байрыг нэмэгдүүлэхтэй шууд холбоотой гэдгийг бодох хэрэгтэй. Мөн хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ёстой."

ШИНЭ МЭДЭЭ