МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хөвсгөл нуурын баруун эрэг 37,9 км авто замтай болно
2019.10.04
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл нуурын баруун эрэг 37,9 км авто замтай болно

Азийн хөгжлийн банкны 19 сая ам.доллар буюу 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Хөвсгөл нуур орчмын бүсийг аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэх төслийн нээлт боллоо.

Хөвсгөл нуурын экосистемийн хувьд эмзэг бүсэд хамаарах бөгөөд сүүлийн жилүүдэд тухайн бүс нутгийг зорих гадаад, дотоодын жуулчид улам бүр нэмэгдэхийн хэрээр нуурын баруун эрэг дагуу цагаан тоос ихээр босож Хөвсгөл нуурыг бохирдуулах, замагжуулах зэрэг сөрөг үр дагавар маш ихээр гарах болсон юм. Уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Үүнд:

- Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэлх 5,5 метрийн өргөнтэй 37,9 км хатуу хучилттай авто зам барих,

-Хатгал тосгонд нэг удаад 100-200 хүнд хүнд зэрэг мэдээлэл өгөх, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай Мэдээлэл, сургалт, сурталчилгааны төв байгуулах,

-Эко бие засах газар 68 ширхгийг барьж ашиглалтад оруулах,

- Хатгал тосгон, Ханх сумын хог хаягдлын цэгийг шинэчлэх,

-Хатгал тосгонд 450 автомашин, 47 автобус зогсох багтаамжтай авто зогсоол байгуулах зэрэг ажлууд хийгдэх юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын цэнгэг усны томоохон нөөц хамгаалагдаж, тусгай хамгаалалтай газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын салбараас олох нутгийн иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилнэ.

ШИНЭ МЭДЭЭ