Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ.
Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараахь хэрэгцээ, шаардлага үүсээд байгааг тэрбээр дурдав.
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Содбилэг танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж хариулт авлаа. Ингээд Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хүсэлт явуулахад гишүүдийн 62,5 хувийн саналаар дэмжигдлээ.