МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл өргөн барилаа
2019.10.08
Зам, Тээвэр

Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл өргөн барилаа

“Монгол Улсын Их Хурлын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.10.08) өргөн барилаа.

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтад тусгагдсан авто замын чиглэлд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Тогтвортой хөгжлийн зорилго зэрэг Монгол Улсын болон олон улсын хамтын үзэл баримтлалтай зөрчилдсөн, мөн авто замуудын давхардал бий болгосон, зарим авто замын хувьд эдийн засгийн үр өгөөжгүй, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж, Говийн бага дархан газраар дайран өнгөрөх зэрэг сөрөг үр дагавар бий болгох утга санаа бүхий агуулга орсон байна гэж төсөл санаачлагч үзжээ.

Иймд дээрх үр дагавруудыг арилгах, Монгол Улсын болон олон улсын хамтын үзэл баримтлалд нийцүүлэх зорилгоор Улсын Их Хурлын 2018 оны 73 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн 2 дахь заалтад тусгагдсан ‘Тавантолгой-Оюутолгой-Ханги" чиглэлийн авто замаас “Оюутолгой" чиглэлийг хасч, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулсан байна.

Уг тогтоол батлагдсанаар Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал болон Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, эдийн засгийн үр өгөөжтэй, байгаль орчинд ээлтэй, ард иргэдийн амьдралд таатай нөхцөл бүрдэх бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилго, Олон улсын гэрээ конвенцтэй харшлахгүй гэж төсөл санаачлагч үзжээ.

ШИНЭ МЭДЭЭ