МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл өргөн барилаа
2019.10.08
Гадаад харилцаа

Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.10.08/ өргөн барилаа.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хууль нь 1993 онд батлагдсанаас хойш нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд тулгардаг ажээ.

2018 оны байдлаар Монгол Улсын 175.687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил, хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байна. Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад оршин суугаа болон зорчиж байгаа иргэдийн мэдээлэл тодорхойгүй байдаг аж.

Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдээ дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогод иргэдээ жигд хүртээмжтэй хамруулах талаар санаачилгатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Мөн хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2018 оны 179 дүгээр тогтоолоор баталсан журмаар зохицуулж байгааг өөрчлөх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн гадаадад оршин суугаа иргэдийг эх орондоо буцан ирэхийг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлэх тодорхой бодлого, зохицуулалтын суурь зарчмыг бий болгох шаардлагатай зэрэг үндэслэл, шаардлагын дагуу хуулийн төслийг боловсруулсан байна.

ШИНЭ МЭДЭЭ