Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл өргөн барилаа
2019.10.08
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.10.08/ өргөн барилаа.

Архив, албан хэрэг хөтлөлт нь арга зүй, зохион байгуулалтын хувьд нэгдмэл байх, хадгалалт хамгаалалт аюулгүй, найдвартай байх, ашиглалт хуулийн хүрээнд нээлттэй, шуурхай байх, албан хэрэг хөтлөлтийн болон архивын сан хөмрөгийн бүрдүүлэлт тогтмол үнэн зөв, бүрэн байх шаардлагатай хэмээн үзэж Архив, албан хэргийн хөтлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг анх удаа хуулийн хэм хэмжээгээр зохицуулахаар төсөлд тусгасан бөгөөд ингэснээр баримт бичигтэй ажиллах албан хаагчдын хариуцлага сайжрах ач холбогдолтой. Түүнчлэн архивын баримтын зэрэглэлийг тогтоох, архивын сан хөмрөгийн нэгдсэн бүртгэл хөтлөх, цахим албан хэрэг хөтлөлт, цахим архивын асуудлыг зохицуулсан хэм хэмжээг шинэчлэх зэрэг зохицуулалтыг хуульчилснаар архивын үйл ажиллагаа улсын хэмжээнд нэгдсэн тогтолцоогоор явагдах боломж бүрдэх юм байна.

Хуулийн төсөл 8 бүлэг 50 зүйлтэй бөгөөд төрийн архивт хамаарах архивыг тодорхойлж, чиг үүргийг нарийвчлан зааж, холбогдох зохицуулалтуудыг тусгажээ. Мөн архивын байгууллагын бүтэц, орон тооны асуудлыг нарийвчлан, хуульчлахаар төсөлд тусгасан байна.

ШИНЭ МЭДЭЭ