МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Монгол улс, БН Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа
2019.10.08
Гадаад харилцаа

Монгол улс, БН Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Ялтан шилжүүлэх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээг соёрхон батлуулах тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр /2019.10.08/ өргөн барилаа.

Уг гэрээнд харилцах төв байгууллагууд, ялтан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх үе шат, хүсэлт гаргах, уламжлах, хүсэлтийг ял шийтгэсэн улсын төв байгууллага хянах, хүсэлтийг шилжүүлэн авах тал хянах, хүсэлтийг шийдвэрлэх болон татгалзах үндэслэл, ялтныг эх оронд нь шилжүүлэх үйл явц, зардал зэрэг үндсэн асуудлууд тусгагджээ.

Гэрээний төсөлд Засгийн газрын гишүүд, Улсын ерөнхий прокурорын газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газраас санал авч, Вьетнамын талтай удаа дараа техникийн болон зарчмын саналуудыг харилцан солилцсон бөгөөд 2018 оны 04 дүгээр сард Вьетнамын талын төлөөлөгчидтэй Улаанбаатар хотод хэлэлцээр хийж, тус гэрээний төслийг үзэглэсэн байна. Улмаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ханой хотноо Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам нар гэрээнд гарын үсэг зурсан юм.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г талууд соёрхон баталж, батламж жуух бичгээ солилцсоноор гэрээ хүчин төгөлдөр болно. Энэхүү гэрээг соёрхон батлуулснаар эрүүгийн хэргийн талаарх хоёр улсын хамтын ажиллагаа бэхжиж, ялтан шилжүүлэх ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн гадаад улсад ял эдэлж байгаа манай иргэд эх орондоо шилжин ирж төрөлх хэл, соёл нэгт гэр бүл, найз нөхдөдөө ойр орчинд, сэтгэл зүйн хувьд эерэг нөхцөлд хорих ял эдлэх нь тэдний засрал хүмүүжил, цаашлаад нийгэмшихэд эерэг үр дагавартайгаас гадна тэдний ар гэрийнхний хувьд сэтгэл санаа, эд материалын хувьд ихээхэн дэмжлэг болно гэж үзжээ.

2019 оны 01 дүгээр сарын байдлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын 2 иргэн Монгол Улсад ял эдэлж байгаа бол тус улсад ял эдэлж буй Монгол Улсын иргэн байхгүй талаар төслийн танилцуулгад дурджээ. Харин Монгол Улсын 71 иргэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад оршин сууж байгаа бол 40 орчим монгол хүн суралцдаг байна.

ШИНЭ МЭДЭЭ