МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.09
Хүний эрх

Өмгөөллийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.09) хуралдаан 10 цаг 51 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр хуралдаан эхлэв.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-оргил танилцууллаа. Ажлын хэсэг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж, холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн байна.

Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төсөл дэх өмгөөлөгчид хориглох зүйл, үйл ажиллагаатай холбоотой 15, 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэж, өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэсэн 15 дугаар зүйл болгох, хуулийн дагаж мөрдөх хугацааг тодорхойлох саналыг гаргажээ.

Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулж байгаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэнтэй холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өмгөөлөгчийн эрх, үүрэгтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан хуулийн төсөл болон Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлгийг хүчингүй болгох хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулсан байна. Түүнчлэн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасан бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэн, энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ