МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ
2019.10.09
Хууль, эрх зүй

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.09) хуралдаан 10 цаг 51 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” хэмээн заасан байдаг.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, Ажлын хэсгийн ахлагч болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хариулт, тайлбар авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-оргил төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргахад Байнгын хорооны гишүүд 83.3 хувь нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ