МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулна
2019.10.10
Гадаад харилцаа

БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газар нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.

Тогтоолын төслийн талаар гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа.

Манжуур хот нь гурван улсын хилийн бүс нутагт байршилтай боомт хотоос гадна Улаанбаатар-Манжуурын чиглэлд “Хүннү-Эйр” ХХК долоо хоногт 5 удаа шууд нислэг үйлддэг, аялал жуулчлалын зорилгоор манай иргэд олноор зорчдог бөгөөд цаашид улам өсөх хандлагатай байгааг тэрбээр танилцуулгынхаа эхэнд дурдсан. Түүнчлэн дээр дурдсан хилийн боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд газар зүйн хувьд ойр байршилтай гэж үзжээ.

Тухайлбал, 2017 онд давхардсан тоогоор манай 148912 иргэн, 2018 онд давхардсан тоогоор 256769 иргэн Сүмбэр-Рашаан, Хавирга-Ар хашаат, Баянхошуу-Өвдөг, Ханги-Мандал боомтуудаар дамжиж Манжуурт зорчсон байна. ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгийг Манжуурын Консулын газрын тойрогт хамруулбал тус бүс нутагт буй БНХАУ-ын иргэд виз авахаар Эрээн хүртэл 1500 орчим км зорчихгүйгээр Манжуураас авах боломжтой болох юм байна.

БНХАУ-ын Манжуур хотод Монгол Улсын Консулын газрыг нээн ажиллуулснаар тус хот болон дээрх боомтуудаар зорчиж буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломжтой болно гэлээ. Манжуур дахь Консулын газрыг 3 орон тоотойгоор байгуулахаар төлөвлөж, зардлыг 2019 оны төсөвт тусгажээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч дуусан санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ