МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод ЭСЯ нээн ажиллуулахыг дэмжлээ
2019.10.11
Гадаад харилцаа

Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод ЭСЯ нээн ажиллуулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаанаар Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 12 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБУ)-ын Минск, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээх тухай тогтоолын төсөл багтжээ.

Мөн Өмгөөллийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж дуусан Бүгд Найрамдах Беларусь Улс (БНБУ)-ын Минск хотод ЭСЯ нээн ажиллуулая гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ