Хэнтий аймагт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” 19 сая долларын төсөл хэрэгжиж эхэллээ
2019.10.11
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Хэнтий аймагт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” 19 сая долларын төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбар нь  эдийн засгийг төрөлжүүлэх, тэргүүлэх салбар мөн хэмээн тодорхойлсон.

Энэ хүрээнд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт, “Үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, нийслэл, аймаг, бүс нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.

Тухайлбал Хэнтий аймагт буюу Чингис хааны төрсөн нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор байгуулах зэрэг олон зорилтуудыг дэвшүүлсэн. Түүнчлэн 2016-2025 оны Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт “Аялал жуулчлалын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийг ханган тус салбарын олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилт тус тус тавьсан.

Дээрх зорилтуудын хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк (АЗХ)-ны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу 38 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр мон (3787/3788): “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” хэрэгжихээр болж, өнөөдөр Хэнтий аймгийн Дадал сумын Соёлын төвд төслийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Уг төсөл нь 2019-2024 оны хооронд Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолборт газар (ОББЦГ)-уудад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүртээмжтэй эдийн засгийн болон байгаль хамгааллын жишиг загварыг бий болгох зорилгоор хоёр дэд төсөлтэйгээр хэрэгжих юм.  Тодруулбал Азийн хөгжлийн банкны 38 сая ам. долларын хөнгөлттэй зээлийг Хөвсгөл болон Хэнтий аймгийн бүс нутагт түүхэн аялал жуулчлал, болон бүс нутгийн онцлогт тохирсон  Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлд  зарцуулж буй юм.

Хөвсгөл аймаг дахь төслийн нээлт 10 дугаар сарын 3- 4-нд болсон бол Хэнтий аймгийн Дадал суманд  энэ сарын 10-нд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” 19 сая ам. долларын төсөл нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын Дарга Л.Оюун-Эрдэнэ, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, АХБ-ны Зүүн Азийн газрын Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Р.Безайн нарын хүндэт зочид үг хэллээ.

“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн Хэнтий дэд төслийн хүрээнд “Чингис хаан” аялал жуулчлалын цогцолбор, Дадал сумаас тус цогцолбор хүртэлх 2.6 км хатуу хучилттай автозам болон 4.5 хэлхээ-км цахилгаан дамжуулах шинэ шугамын бүтээн байгуулалтын ажил, хяналтын нэвтрэх цэгүүд, тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч бүхий 50 автобус, 220 автомашины хүчин чадалтай 3 авто зогсоол барих зэрэг томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлууд болон тусгай хамгаалалттай газар (ТХГ)-ын менежментийг сайжруулах ажлууд хийгдэнэ. Төлийн үр дүнд орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, хог хаягдлын менежементийг сайжруулах, ТХГ-ын менежементийг бэхжүүлж улмаар ОББЦГ-т тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэн аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм гэдгийг төслийн нээлтийн үеэр албаныхан онцолж байлаа.

ШИНЭ МЭДЭЭ