МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна
2019.10.11
Зам, Тээвэр

Албан журмын даатгалын орлогоос арваадхан компани хөлжиж байна

“Татвар”-аар хураасан мөнгөний тал нь хаачив

Монголын мянга, мянган жолоочид нэг зүйл ойлгомжгүй байна. Албан журмын даатгалын тухай хуулиар жолооч бүр даатгалд хамрагдаж ангиллаас хамаарч их, бага хэмжээгээр хураамж төлдөг. Нэг ёсны албадан татвар гэсэн үг. Гэтэл тухайн мөнгөний нэг хэсэг нь нөхөн төлбөр болж, үлдэгдэл мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй байдалтай олон жилийг үдлээ. Баримт дурдъя. Зөвхөн энэ оны есөн сарын байдлаар гэхэд даатгалын компаниуд Монгол Улсад жолоо барих эрхтэй 541.6 мянган жолоочоос албан журмаар 29 тэрбум төгрөг хураажээ. Үүнээс зам тээврийн ослын хохирогчийн нөхөн төлбөрт 8.7 тэрбум төгрөг зарцуулсан байгаа юм.

Нөхөн төлбөрт олгосон мөнгө нийт орлогын 30 хувь гэсэн үг л дээ. Гэтэл үлдсэн 70 хувийн орлого хаашаа орсон бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үүнийг тодруулахаар албан журмын даатгалын хураамжид төлсөн мөнгөний мөрөөр мөшгөж үзвэл хачирхалтай бөгөөд харамсалтай дүр зураг ажиглагдлаа.

Улсын хэмжээнд 15 компанийн 246 салбар, 12 төлөөлөгчийн газар, мөн зуучлалын 30 гаруй компаниар дамжуулан дээрх мөнгийг цуглуулж байна. Аймаг бүрт салбараа нээж, орон даяар мөнгө хураах үйл ажиллагаа явуулдаг. Зуучлагч компаниудад төвлөрүүлсэн нийт орлогын арав хүрэхгүй хувийг өгдөг байна. Энэ хөрөнгөөс хуримтлал, аюулгүй нөөц сан үүсгэх ёстой. Энэ нөөц сан хаана төвлөрч хэн эзэмшиж байгаа нь тодорхойгүй байна. Жолоочийн даатгалын санд компаниуд орлогынхоо дөнгөж 1.6 хувийг төвлөрүүлж түүнийг даатгагчдын өөрийнх нь үйл ажиллагааг хөнгөвчлөхөд зориулдаг юм байна. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш даатгалын компаниуд 160.8 тэрбум төгрөг албан журмын даатгал нэрийн дор хурааж авчээ. Үүнээс хохирогчийн нөхөн төлбөрт, зуучлагч компанийн хөлсөнд 95.6 тэрбумыг олгож, үлдсэн 65.2 тэрбум нь даатгалын компанийн мэдэлд үлдсэн байна. Хэдийгээр даатгалын компани ашгийн төлөө байгууллага ч гэлээ хуулиар тэдэнд ийм үлэмж хэмжээний орлогыг албадан төвлөрүүлдэг гэхээр дэндүү шударга бус санагдана.

Энэ онд даатгалын 15 компани 396.4 мянган хувь хүн, 128.3 мянган хуулийн этгээд, 4.2 мянган дамжин өнгөрөх этгээдтэй даатгалын гэрээ байгуулсан аж. Ангиллаар нь авч үзвэл 457 мянган гэрээг В ангиллын үнэмлэхтэй жолоочтой гэрээ байгуулжээ. Тэднээс 21.8 тэрбум төгрөг буюу нийт орлогын 65 хувийг төвлөрүүлсэн байна. Энэ тооноос үзвэл орлогынхоо дийлэнхийг иргэдийн төлсөн хураамжаар бүрдүүлдэг болж таарч байна. Тэгэхээр иргэдээс хураасан мөнгөний тал нь даатгалын компаниудын ашиг болжээ. Энэ талаар даатгалын үйлчилгээ эрхлэгч зарим компаниас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. Ашиг орлогынхоо талаар мэдээлэл өгөх эсэх нь тухайн компанийн эрх боловч төрийн хуулиар түрий барьж иргэдээс албадан гаргуулж байгаа даатгалын мөнгө юунд, хэрхэн зарцуулагддагийг ил тод байршуулаагүй нь хардахад хамгийн ойр үндэслэл юм.


Хуулиар “бэлэглэсэн” боломжийг хуйвалдан хөлждөг юм биш биз

2011 онд УИХ-аас Жолоочийн даатгалын тухай хуулийг батлан, жолоочоос авах суурь хураамжийн өсгөх, бууруулах болон даатгалын гэрээний стандарт, мэдүүлэг, гэрээний маягтыг журмаар батлах эрхийг Санхүүгийн зохицуулах хороонд (СЗХ) өгсөн.

Хуулийн дагуу албан журмын даатгалын суурь хураамжийг ангилал бүрээр тогтоосон. Тухайлбал, иргэн, хуулийн этгээдийн олноороо байгуулдаг В ангиллын тээврийн хэрэгслийн гэрээний суурь хураамжийг 33 мянган төгрөг гэж тогтоожээ. Мөн хуулийн дагуу осол, зөрчил гаргаагүй, нөхөн төлбөр аваагүй “томоотой” жолооч нарын дараагийн жилийн суурь хураамжийг бууруулах, урамшуулах бодлого энд л тодорхойлогдох ёстой байжээ. Гэвч СЗХ-ноос хуульд заасны дагуу шинэ журам батлан жолоочоос авах хураамжийг есөн итгэлцүүрээр суурь хураамж дээр нэмж мөнгө хураах болов. Эл итгэлцүүрийг үндэслэн даатгалын компаниуд хэдэн төгрөгийн орлого нэмж төвлөрүүлж байгааг Албан журмын даатгагчдын холбооны (АЖДХ) жил бүр гаргадаг статистик тайлангаас тодорхой харагдана.

АЖДХ-ны 2017 оны тайланд тээврийн хэрэгслийн газар зүйн байршлаас хамаарч Орхон, Дархан-Уул аймгийн 34.4 мянган жолоочоос 144.3 сая төгрөгийг нэмэгдэл байдлаар хураажээ. Түүнчлэн дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг нэмснээр энэ төрлийн орлого өмнөхөөс 3.5 дахин нэмэгдсэн байна. Мөн 2017 онд зөвхөн хуулийн этгээдтэй хийсэн даатгалын гэрээнээс даатгалын компаниуд хоёр тэрбум төгрөг нэмж олсон аж.

Энэ дүн жил бүр үргэлжилсэн нь тодорхой. Хуйвалдаж байна гэх хардлагын гол сэжүүр үүнд байгаа. СЗХ-нд журам батлах эрхийг өгсөн болохоос иргэдээс нэмж мөнгө татах эрхийг өгөөгүй байлтай. Даатгалын компаниудын “шахалт”-аар дээрх итгэлцүүр тооцох журамд өөрчлөлт оруулж Эрдэнэт, Дарханы жолооч нарыг хотын статусаар жолоо барьж буйгаар нь далимдуулан төлбөрийг нь өсгөсөн гэж үзэх үндэслэл байна. Мөн Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийг нэмэгдүүлэн мөнгө олох аргыг сэдэж илүү орлого төвлөрүүлэхээр ярилцсан нь тодорхой юм биш үү.

Албадан төвлөрүүлсэн мөнгөний ашиг хаана, хэнд очдогийг мэдмээр байна

Жолооч нар жил бүр зөрчил гаргасан эсэхээс үл хамаараад суурь хураамжийг нэмэгдүүлж татвар маягаар төлж байна. Гэвч тэр “татвар” нь хаашаа орж хэнд зориулагдаад байгааг хянах боломжгүй байгаа юм. Даатгалын компаниуд СЗХ-нд жил бүр тайлангаа хүргүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод мэдээлэх ёстой ч хуулийн заалт хэрэгждэггүй аж.

Өөрөөр хэлбэл албан журмын даатгалаар төвлөрүүлсэн орлогын хэдэн хувь нь компанийн ашиг болдгийг иргэд, жолооч нараас нууцалж байна. Албан журмын даатгалын орлогын хуваарилалт, зарцуулалтыг хэрхэн хянадаг талаар СЗХ-ны Даатгалын газрын даргаас асуухад “дотоод хяналтын хэлтэс хариуцдаг” гэхээс өөр тоймтой, тодорхой хариу өгсөнгүй.

Эндээс л хуулийн нэрийг барьж хуйвалдаад байгаа юм биш биз гэсэн хардлага лавтай төрж буй. Жолоочийн даатгалын тухай хуулийн 26.1-д “Санхүүгийн зохицуулах хороо нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагчдын үйл ажиллагааны нэгдсэн уялдааг хангаж, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавина” гэж тодорхой заасан байна. Гэвч хариуцсан байгууллага нь иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлэл өгч чадахгүй “барьцаанд” орсон мэт сууж байна. Монголын төр ийм ч болчих гэж.

Даатгалын компаниудад өнгөрсөн хугацаанд зөвхөн даатгалын энэ бүтээгдэхүүнээр 65,2 тэрбум төгрөг төвлө­рүүлснийг даатгал хариуцсан дарга нь мэдэхгүй биш, иргэдээс харин нуухыг оролдож байгаа нь хачин юм.


Төсвийн мөнгийг хэдхэн компанийг хөлжүүлэхэд зориулж байгаа биш үү

Жолоочийн даатгалын тухай хуулиар авто машин эзэмшиж буй хуулийн этгээдээс суурь хураамж авах заалт бий. Хуулийн этгээд гэдэгт хувь, “хувьсгал”-ын бүх компани, байгууллагын нэр дээрх автомашин хамаарна.

Төсөвт байгууллагын хувьд байлдааны тусгай зориулалттай болон мөрдөх алба, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын тээврийн хэрэгслээс бусад бүх автомашиндаа, тээврийн хэрэгсэл албан журмын даатгал төлж байгаа.

Нөгөө муу хэлдэг нийтийн тээврийн хэдэн автобус, түүний жолооч ч үүнд хамаатай. Мөн аймаг, сум, бүр багийн удирдлагын нэр дээрх автомашин ч суурь хураамжийг нэмэгдүүлсэн дүнгээр төлж байна. Үүнийг тооцвол хэдэн тэрбумаар тоологдох мөнгөн дүн гарч ирнэ. Татвар төлөгчдийн мөнгийг дахин нэг татвар төлөхөд зарцуулж, цаашлаад даатгалын компаниудын ашиг болгоод байгааг юу гэж ойлговол зохих вэ. Ядаж төсөвт байгууллагынхны зөрчилгүй жолооч, осолд өртөөгүй автомашины суурь хураамжийг бууруулаад өгчихвөл улсын хөгжилд нэмэр болох төдийгүй ард иргэдийн амьжиргаанд нэмэр болох биш үү.

Эцэст нь дүгнэхэд хуулийг буруугаар хэрэглэж байгаа төрийн байгууллага, иргэдээс хуулиар далайлгаж албан хүчээр цуглуулсан мөнгөнийхөө зарцуулалтыг ил тодоор тай­лагнадаггүй даатгалын компани хоёрын тодорхой бус харилцааг таслан зогсоох цаг нь болжээ. Нуугдсан мөнгөний цаана заавал нэг “но” байдгийн жишээ энэ ч юм билүү


ЗГМ: тодруулга

Ц.Мөнх-Оргил: Хуулийн зорилго даатгалын компанийг хөлжүүлэх бишжолоочийн хариуцлагыг нэмэх явдал юм

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил бүрэн эрхийнхээ хүрээнд албан журмын даатгалын талаар төрөөс хяналт тавих үүрэгтэй СЗХ-нд асуулга тавихаар болжээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Ц.Мөнх-Оргил гишүүн энэ хуулийг санаачилж оруулж батлуулсан хүний нэг юм.

-Та Жолоочийн даатгалын тухай хуулийн талаар СЗХ-нд асуулга тавьж байгаа гэлээ. Ямар агуулгатай асуулга тавьж байгаа вэ?

-Гурван асуудлаар асуулга тавьж байгаа. Жолоочийн даатгалын тухай хууль баталсан зорилго бол юуны түрүүнд бүх жолоочийг албан журмын даатгалд хамруулах, хариуцлагажуулахад чиглэсэн. Хариуцлагатай бол­гох үндсэн хөшүүрэг нь зөрчил гаргаагүй жолоочийн албан журмын даатгалын хураам­жийг жил бүр бууруулах замаар урамшуулах байсан. Ингэс­нээр замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, жолоочийг хариуц­лагажуулах зорилго тавьсан. Гэтэл харамсалтай нь УИХ-аас удаа дараа сануулж хэлсээр байтал, энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой СЗХ ажлаа хийхгүй өдий хүрлээ. Юуны түрүүнд үүнийг тодруулахаар би СЗХ-нд асуулга тавьж байгаа.

-Зөрчилгүй жолоочийн төлөх хураамж буурах биш нэмэгдсэн. Үүнийг та асуулгаа­раа тодруулах нь гэж ойлголоо?

-Тийм. Хураамжийн хэмжээ буураагүйгээр барахгүй СЗХ албан журмын даатгалын хураамж тооцох итгэлцүүрийн журамдаа хоёр ч удаа өөрчлөлт оруулж, Эрдэнэт, Дархан хотыг газар зүйн байршлаар нь ялгаварлан нэмсэн. Мөн дамжин өнгөрөх боомтуудаар гарч, орж байгаа жолооч нарын хураамжийг нэмэгдүүлсэн. Үүнийг бас асууж байгаа. Иргэнд очих ёстой санхүүгийн давуу тал өгөөж хөшүүрэг нь даатгалын компанид очоод байна. Үүнийг бас асууна. Хоёрдугаарт, Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгж­сэнээс хойш хамрагдалт 70 хувьд хүрэхгүй байгаа. Хуулийн дагуу 100 хувь хамрагдах ёстой. Үүнийг яагаад хийхгүй байна вэ гэж асууж байгаа. Жолооч нарыг бүрэн хамруулах ажлаа хийгээгүй байж СЗХ албан журмын даатгалын үйлчилгээ, зуучлах зөвшөөрлийг маш олон компанид өгсөн. Даатгалын компаниудад хангалттай орлого төвлөрсөн байхад даатгуулагчаас төлөх хураамжийг нэмсээр байгаа шалтгааныг тодорхой болгох нь зүйтэй байх.

-Гурав дахь нь ямар агуул­гатай асуулга вэ?

-УИХ-аас 2017 онд Хууль тог­тоомжийг боловсронгуй болгох Үндсэн чиглэл батлахдаа Жолоочийн даатгалын тухай хуульд нарийвчлан зохицуулалт хийе гэж тогтсон. Иргэд, хураамж төлөгчдөд үр ашигтай байдлаар хуулийг өөрчилье гэсэн. Гэтэл өнөө болтол СЗХ хуулийг өөрчлөх санаачилга гаргахгүй, хуулийн төсөл оруулж ирэхгүй байгаа. Үүнийг бас асуулгаар хөндөж байна. 


М.Өлзийбат:Албан журмын даатгалын мөнгийг даатгалын компаниудаас асуу

СЗХ-ны Даатгалын газрын дарга М.Өлзийбатаас Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодрууллаа.

-Албан журмын даатгалын хураамжийн орлогоор даат­галын компаниуд зардлаа хангалттай нөхсөн байхад даат­гуулагчийн төлөх хураамжийг яагаад нэмсэн юм бэ?

-Даатгалтай холбоотой хуулиудаас хамгийн амжилттай хэрэгжиж байгаа хууль нь Жолоочийн даатгалын тухай хууль юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш болохгүй зүйлүүд ч гарч ирсэн. Тиймээс дунд нь засаж залруулсан зүйл бий. 2018 онд Захиргааны ерөнхий хуульд нийцүүлж журамд өөрчлөлт оруулсан болохоос суурь хураамжийг нэмээгүй. Зөрчил осол гаргаагүй даатгуулагчийн суурь хураамж буурч байгаа.

-Энэ оны эхний есөн сарын байдлаар даатгалын ком­паниуд 29 тэрбум төгрөгийн хураамжийн орлого олж нөхөн төлбөрт 8.7 тэрбумыг зарцуулж үлдсэн 20 тэрбум төгрөг хаачсан нь мэдэгдэхгүй байна. Хураамжаар цугласан мөнгөний хэдэн хувь нь компанийн ашиг болдог юм бэ?

-Хураамжийн орлогоос, ослын хохирогчид нөхөн төлбөр олгоод үлдсэн орлогыг компанийн цэвэр ашиг гэж ойлгож болохгүй. Тэдний үйл ажиллагааны болон нөөц сан бүрдүүлэх зэрэг зардал бас хасагдана. Даатгалын компанийн ашигт ажиллагаа 20 тэрбумаас хамаагүй бага байгаа. Даатгалын компани хэдэн хувийн ашиг олж байгааг өөрсдөөс нь асуу. Орлогынхоо хэдэн хувийг юунд зарцуулдгийг асуухад тодорхой хэлнэ.

-Даатгалын компаниуд мэдээллээ ил тод болгохгүй байна. Тиймээс та иргэд, жолооч нарын, даатгуу­лагч­дын эрх ашгийг хамгаалахаар төрийг төлөөлж байгаагийн хувьд ил тод тоо хэлж өгнө үү?

-Тэр тоо баримт бий. Гэхдээ ил тод хэлэх шаардлагагүй. Бид дотоодын үйл ажиллагаанд ашиглах зорилгоормэдээлэл гаргадаг. Олон нийтэд мэдээлэх тоо баримт надад алга.

-Танай хороо холбогдох журамд өөрчлөлт оруулаад ор­лого, зарлагыг нь ил тод, шилэн болгож болдоггүй юм уу?

-Заримыг нь шилэн болгоод л байгаа шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ