МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө
2019.10.14
Гадаад харилцаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган Филиппин Улсын Манила хотноо 2019 оны 10 дугаар сарын 07-11-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Чуулганд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэ жилийн Бүсийн чуулганы онцлог нь шинээр сонгогдож томилогдсон Бүсийн захирал Д-р. Такеши Касайн удирдлага дор зохион байгуулагдаж байгаа анхны чуулган бөгөөд тэрээр 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш бүсийн нийт гишүүн улс орнуудад хандаж ирэх 5 жилийн туршид баримтлах бодлого, алсын хараагаа тодорхойлох “Эрүүл, аюулгүй бүсийн ирээдүйн төлөө” бодлогын баримт бичгийн төслийг өргөн хүрээнд хэлэлцүүлэн танилцуулсан ба уг баримт бичгийг энэ удаагийн чуулганаар гишүүн улсууд санал нэгтэйгээр дэмжин баталлаа.

Тэрчлэн чуулганаар “Номхон далайн баруун бүс нутгийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2020-2030”, “Хүнсний бүтээгдэхүүний зар суртачилгааны хортой нөлөөллөөс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах Номхон далайн бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээ”, “Нянгийн антибиотекийн тэсвэржилттэй тэмцэх Номхон далайн бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээ” зэрэг томоохон баримт бичгүүдийг хэлэлцэн батлав.

Чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүсийн захирал Д-р. Такеши Касайтай албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны зарим тодорхой асуудлаар санал солилцож ярилцав. Бүсийн захирал Д-р. Такеши Касайн хувьд өнгөрсөн 06 дугаар сард Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн ба айлчлалын мөрөөр хэрэгжүүлэхээр хэлэлцэн тохирсон болон бүсийн зүгээс дэмжлэг шаардлагатай зарим үйл ажиллагааны талаар товч хөндөн ярилцав.

Чуулганаар хэлэлцсэн асуудлуудаас “Бүсийн захирлын үйл ажиллагааны тайлан” болон “Номхон далайн баруун бүсийн тамхины хяналтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2020-2030” баримт бичгийн төслийн хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, үг хэлэв. Түүнчлэн “Насжилт ба эрүүл мэнд”, “Хүнсний бүтээгдэхүүний зар суртачилгааны хортой нөлөөллөөс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах Номхон далайн бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээ”, “Нянгийн антибиотекийн тэсвэржилттэй тэмцэх Номхон далайн бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээ” зэрэг баримт бичгийн төслүүдийг батлах хэлэлцүүлгүүдэд Монгол Улсын төлөөлөгчид оролцож үг хэлэв.

Мөн чуулганы үеэр Бүсийн төвөөс зохион байгуулсан “Дижитал эрүүл мэнд” хэлэлцүүлэгт манай улс Малайз, БНХАУ, Япон зэрэг улсын хамтаар оролцож, Монгол орны өргөн уудам газар нутагт орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж байгаа талаараа танилцуулга хийж, бүсийн бусад улс орнуудад туршлагаасаа хуваалцав.

Түүнчлэн чуулганд оролцсон Монгол Улсын төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын техникийн хөтөлбөрүүдийн өнгөрсөн нэг жилийн хугацааны хэрэгжилтийн тайлангийн хэлэлцүүлгүүдэд оролцож, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хөтөлбөр тус бүрээр тайлагнахын зэрэгцээ хэрэгжилтийн явцад тулгарч буй зарим бэрхшээл болон Бүсийн зүгээс мэргэжил арга зүйн дэмжлэг шаардлагатай асуудлуудаар үг хэлэв. Үүнд, халдварт болон халдварт бус өвчин, Улаан бурхан, улаануудыг устгах, ХДХВ, Вирүст гепатит, Бэлгийн замаар дамжих халдвар, Сүрьеэг устгах үйл ажиллагааны стратеги, Эрүүл мэндийн аюулгүй байдал ба Ази Номхон далайн шинэ болон сэргэж буй халдвартай тэмцэх стратеги зэрэг багтаж байгаа бөгөөд нийт 10 асуудлаар хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

Чуулганы эцэст ирэх жилийн Бүсийн 71 дүгээр чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын зүгээс Дэлхийн вакцин дархлаажуулалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх Номхон далайн баруун бүсийн стратегийн хугацаа 2020 оноор дуусгавар болж байгаа хийгээд дэлхийн нийтэд тэр дундаа манай бүс нутагт улаан бурханы дэгдэлт тасралтгүй гарч байгаа, вакцинд үл итгэх байдал нэмэгдэх хандлагатай байгаа зэргийг харгалзан үзэж “Номхон далайн баруун бүс нутагт вакцинаар сэргийлэх халдварт өвчлөлийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө 2021-2030”-ыг шинээр хэлэлцэн батлах шаардлагатай талаар санал оруулав. Тус саналыг Австрали, Папуа Шинэ Гвиней, Лаос, Филиппин зэрэг улс орнууд дэмжсэн санал илэрхийлсэн тул Бүсийн хорооны зүгээс шаардлагатай арга хэмжээ авахаа илэрхийлсэн болно.

ШИНЭ МЭДЭЭ