Ж.Эрдэнэбат: Буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна
2019.10.14
Улстөр

Ж.Эрдэнэбат: Буруутай үйлдэл хийсэн бол бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ гаргасан Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас шалгаж байна.

Тодруулбал, Өмнөговийн Тост, Тосон бумбын нуруу зэрэг гурван аймгийн нутагт байгалийн нөөц газрын хилийн заагт талбай нь давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын лицензийг хүчингүй болгон, тухайн компаниудад нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоолыг гаргасан. Уг шинээр тогтоосон тусгай зөвшөөрлөө төрсөн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх Илч” компанид шилжүүлэн авсан талаар мэдээлэл гараад буй.

Тэгвэл тэрбээр энэ талаар “АТГ-аас намайг шалгаж байгаа. Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн Засгийн газрын тогтоол байдаг. Намайг тэр тогтоолд хамрагдсан нэг аж ахуй нэгж буюу өөрийн эзэмшил бүхий компанид лиценз шилжүүлж авсан гэсэн мэдээлэл гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа.  Тост тосон бумбад лиценз эзэмшиж байсан компани нөхөн олговроор тэр хавьдаа газар авсан юм билээ.

Авсан газар дээрээ хайгуул хийж үзээд тэндээс нь юм олдоогүй учраас өөр компани дээр шилжүүлсэн. Тэр нь миний Хөрөнгө орлогын мэдүүлэг дээр байсан компани болж таарсан. Ийм л зүйл байна. Үүнийг хууль хяналтын байгууллага нь шалгаад тогтоогоод гаргаад ирэх байх. Харамсалтай нь үүнийг буруу зөрүү ойлголт төрүүлэхийн тулд тодорхой зорилгоор хийж байгаад харамсаж байна” хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Хэрх Илч” компанид тодорхой хэмжээний хувь эзэмшдэг гэдгээ хэлсэн бөгөөд тус компани тухайн талбайд хайгуул хийгээд үр дүн гараагүй учир энэ оны тавдугаар сард тусгай зөвшөөрлөө буцаан өгөх саналаа өгөөд улсад шилжсэн гэдгийг ч тэрбээр тайлбарласан юм.

Мөн тэрбээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаад шалгуулах боломжтой эсэхэд “Буруутай үйлдэл гаргаагүй учраас, асуудал байхгүй. Буруутай үйлдэл хийсэн бол гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна. Тодорхой зорилго бүхий хүмүүсийн хийж байгаа асуудал. Буруу ташаа мэдээлэл гараад байгаад харамсаж байна” хэмээн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ дурдлаа.

ШИНЭ МЭДЭЭ