Ж.Эрдэнэбат: Цаана нь улс төрийн зорилго бий
2019.10.15
Улстөр

Ж.Эрдэнэбат: Цаана нь улс төрийн зорилго бий

Эх сурвалж. Өглөөний сонин, сэтгүүлч Б.Төрбат

АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан түүнээс дараах тайлбарыг авсан юм.


-Таныг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл үнэн үү?

-Намайг АТГ-аас шалгаж байгаа. 

-Яг ямар үндэслэлээр шалгаж байгаа юм. Тодорхой мэдээлэл өгнө үү? 

-Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн Засгийн газрын тогтоол байдаг. Тэр бол Өмнөговийн тост, тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн "Ноён" уул орчмын газар болон Булган аймгийн Тэшиг, гэсэн гурван сумын нутаг дэвсгэр тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгосон. Тэр лиценз эзэмшиж байсан компаниудад нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоол юм. Энэхүү тогтоолд хамрагдсан нэг аж ахуй нэгж буюу өөрийн эзэмшил бүхий нэг компанид лиценз шилжүүлж олгосон гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэж ойлгож болно. 

Тост, тосон бумбын орчимд газар эзэмшиж байсан нэг аж ахуйн нэгж лиценз авсан юм билээ. Тэр компани тухайн газраа хайгуул хийж үзсэн ч тодорхой хэмжээнд юм олдоогүй. Олдоогүй учраас өөр компанид шилжүүлсэн. Тэр компани нь миний хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлсэн аж ахуйн нэгж болж таарсан. Ийм л зүйл байгаа юм. Үүнийг хууль, хяналтынхан нь шалгаж тогтоох байх.

-Тэгвэл тухайн компани нь тэр лицензийг улсад буцааж өгсөн гэх мэдээлэл бас бий. Энэ ямар учиртай юм бэ?

-Лицензийг нь шилжүүлж аваад хайгуул явуулсан ч юм олдоогүй. Тиймээс өнгөрсөн тавдугаар сард лицензээ буцааж өгөх саналаа хүргүүлсэн. Энэ хүрээнд тэрхүү лиценз нь улсад оччихсон байгаа. Яг тэр үед л Ж.Эрдэнэбат гэдэг хүнтэй холбоотой байсан гэдэг мэдээллийг мэдсэн юм шиг байна билээ. Та бүхний мэдэж байгаа тэр олон нийтийн сүлжээнд гарсан мэдээлэл бол нэг төрийн байгууллагын архиваас хуулбарлаж авсан материал. 

-Огт гэм буруугүй байхад нь хүнийг яллагдагчаар татаж шалгахгүй л дээ. Үнэхээр та өөрийгөө ямар ч буруугүй гэж үзэж байна уу?

-Тэр бол хуулийн байгууллагын өөрийнх нь шийдэх асуудал байх. 

-Хэрэв та гэм буруугүй бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж хуулийн байгууллагад шалгуулах боломжтой биз дээ?

-Би ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй. Тиймээс ямар ч тийм асуудал байхгүй.

-Бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахгүй гэсэн үг үү?

-Хэрэв буруутай үйлдэл хийсэн бол УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзаж шалгуулахад бэлэн байна. 

-Та тодорхой хэмжээний хувьцаа эзэмшдэг гэж мэдүүлсэн байдаг. Эзэн нь яг хэн юм бэ?

-"Хэрх Илч" гэдэг компани нь миний төрсөн дүүгийнх. Би тодорхой хэмжээний хувь эзэмшдэг. Үүнийгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч мэдүүлсэн. 

-Үүнд ямар нэгэн улс төрийн нөлөө байгаа болов уу?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу, ташаа ойлголт төрүүлэхийн тулд зориуд тарааж байгаад харамсаж байна. Цаана нь тодорхой нэг улс төрийн зорилго байгаа байх л гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ