Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох зорилтын хүрээнд төсвийг нь өндөр тавьсан байх
2019.10.17
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийг аялал жуулчлалын бүс болгох зорилтын хүрээнд төсвийг нь өндөр тавьсан байх

2020 оны Улсын төсвийн хуваарилалт хэт харьцангүй байгаа талаар шүүмжлэл гарч буй. Тухайлбал, Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд 35 тэрбум төгрөг төсөвлөсөн бол Говьсүмбэр аймагт 25 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс тодрууллаа.

-2020 оны Улсын төсөвт Хэнтий аймагт хамгийн их буюу 133.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл зарим аймагт Хэнтий аймгийн жижигхэн тосгонд төсөвлөсөн хөрөнгөд ч хүрэхээргүй мөнгө төсөвлөсөн гэх шүүмжлэл гараад байгаа. Энэ талаар таны байр суурь ямар байгаа вэ?

-Хэнтий аймаг бол түүх, соёлын асар их өвийг хадгалсан бүс нутаг. Сүүлийн 20 орчим жилийн турш Хэнтий аймгийг уул уурхайн үйл ажиллагаанаас ангид байлгах, байгалийн үзэсгэлэнт байдлыг хадгалах, түүхийн өв соёлыг хамгаалж үлдэхээр ажиллаж байна. Үүний үр дүнд хадгалж хамгаалах асуудалд бусад аймагтай харьцуулахад илүү анхаарч ирсэн. Хэнтий аймгаас сонгогдсон гишүүдтэй хамтраад энэ бүс нутгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгоё гэдэг асуудлыг тавьсан юм. Тухайн үед би Засгийн газарт байсан юм.

Ингээд Засгийн газар, тухайн үеийн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Зам тээврийн сайд зэрэг холбогдох хүмүүсийг нь Хэнтий аймаг руу явуулсан. Засгийн газрын гишүүд тэнд очоод Хэнтий аймгийнханд Монголын төр, ард түмэн баярлах ёстой юм байна. Өнөөдрийг хүртэл нутгаа уул уурхайн элдвийн халдлагаас хамгаалж, түүхийн өв соёл, байгалийн үзэсгэлэнт газраа хадгалж үлдсэнд баярлаад зогсохгүй төрийн бодлого чиглэх ёстой гэж дуу нэгтэйгээр дэмжсэн. Ингээд Засгийн газраас шийдвэр гарч, Хэнтий аймаг бол Улаанбаатар хотын дараа орох бүс нутаг гэж зарласан.

У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаар энэ ажил хэрэгжээд явж байна. Яг одоо миний санаж байгаагаар Хэнтий аймагт замын хоёр том бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Бор-Өндөр суманд аж үйлдвэрийн парк буюу дэд бүтэц, усан хангамж, цахилгаан, төмөр зам бүхий иж бүрэн хот байгуулах юм. Үүний хүрээнд Бор-Өндөрийг Дорноговийн Даланжаргалантай холбосон 45 километр зам тавих ажил эхэлсэн. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбарт тусгасан ажил. Өмнө АН эрх барьж байх үедээ хоёр ч удаа нээлт хийсэн боловч чадаагүй юм.

Энэ ажилд 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Нөгөө нэг том бүтээн байгуулалт нь Чингис хотоос  Дадал чиглэлд хатуу хучилттай зам тавих юм. Энэ ажил 2008-2012 оны үед гарсан “Шинэ бүтээн байгуулалт” гэх УИХ-ын тогтоолын хүрээнд хийгдэх ёстой байсан. Одоо түүхэн аялал жуулчлалын бүс болох гэж буйтай холбоотойгоор замын ажил хийгдээд явж байна.  Энэ хоёр ажилд л төсвийн дийлэнх хувь нь зарцуулагдаж байна. Түүнээс биш урсгал зардалд ийм хэмжээний хөрөнгө төсөвлөсөн юм биш. Түүхэн аялал жуулчлалын бүс болгох зорилтын хүрээнд л төсвийг өндөр тавьсан болов уу. Гэхдээ хүмүүсийн шүүмжлээд байгаа шиг хэт их өсөлттэй зүйл байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна.

-Зөвхөн нэг тосгонд л гэхэд 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төсөвлөсөн гэж байна. Та танилцсан уу?

-Одоогоор сайн танилцаагүй байгаа учраас мэдэхгүй байна. Төсвийн төсөлд ажлын хэсэг гарч ажиллана шүү дээ. Би дөрвөн удаа УИХ-д сонгогдож ажиллахдаа төсөвт ойртож ч байгаагүй.

-Ер нь 2020 оны төсвийг та хэр сайн төсөв болсон гэж харж байна вэ?

-2016 оноос хойш өмнө гарсан алдаа дутагдлыг засах, эдийн засгийг сэргээх чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлсний үр дүнд нэлээд нааштай үзүүлэлт гарч байгаа гэж боддог. 2018 оноос төсвийн хөрөнгө оруулалт нэмэгдлээ. 2017 онд улсын эдийн засаг элгээрээ хэвтэх нь. Тиймээс юу ч хараад хэрэггүй гэдгийг би хэлж байсан. Одоо бол нөхцөл байдал өөр байна. Тиймээс би боломжийн төсөл болж гэж дүгнэж байна.

-Орлого тогворгүй байхад халамжийн бодлогоо тэлээд байгаа нь хэр зөв юм бэ?

-Сүүлийн жилүүдэд орлогоо бодитой тооцож чадахгүй, орлого нь цөөхөн нэр төрлийн бүтээгдэхүүнээс хамааралтай байгаа асуудал бий. Тэгэхээр эдийн засгаа олон өнгөтэй болгох талаар анхаарах шаардлага байгаа нь үнэн. Бодит байдалд ажлын байр бий болгодог, амьдралыг нь залгуулдаг хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа уламжлалт мал аж ахуйн салбарыг дэмжих ёстой.

2012-2016 оны үед улсын эдийн засаг тэг зааж байх үед зөвхөн малчдын орлого бүтээн байгуулалтад тулгуурлаж байсан гэхэд болно. Бүх барилгын клмпаниуд хөдөө орон нутаг руу гарчихсан байлаа шүү дээ. Малчид л орон сууц авч, байшин бариулж байсан. тэгэхээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бодит бүтээмжийг бий болгохын тулд баялаг бүтээгчдийг дэмждэг байх ёстой. Уул уурхай эдийн засгийн гол тулгуур гэлээ ч ашгийг нь цөөхөн хэдэн гэр бүл эзэмшиж байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурчихвал эдийн засаг хүнд байдалд орно биз дээ. Энэ эрсдлийг хэрхэн тооцоолсон юм бол?

-Улсын эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хамаа­ралтай байхад мэдээж эрсдэлтэй. Гадаад зах зээл дэх уул уурхайн цөөхөн хэдэн нэр төрлийн бүтээг­дэхүүний үнэ тогтвортой байгаа үед үүнийг урт хугацааны хөгжлийн бодлого болгох ямар гарц, гаргалгаа байгааг л олох нь чухал. 

-Нэр бүхий гурван гишүүний хөрөнгө огцом өссөн асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдсан ч асуудлыг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Яагаад ингэж шийдвэрлэв?

-“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Мөнх­бат, М.Оюунчимэг нарын хөрөнгө огцом нэмэгдсэнийг шалгаж өгөх хүсэлтийг ирүүлсэн юм. Үүний дагуу өчигдөр Ёс зүйн дэд хороо хуралдлаа.

Асуудал хамаатай гурван гишүүний хоёр нь эзгүй байгаа бөгөөд гишүүдийн тайлбар бүрэн ирээгүй учраас энэ асуудлыг хойшлууллаа. Ихэнх гишүүд ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэж, гурван гишүүний тайлбарыг авч, дараагийн хуралдаанаар өөрсдийг нь байлгаж байгаад асуудлыг авч хэлэлцэе гэсэн байр суурьтай байлаа. Ёс зүйн дэд хороо гэдэг мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүрэг бүхий байгууллага биш гэдгийг ойлгох хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ