2019.10.22
Хүний эрх

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” 45 дугаар тогтоолоор баталсан хавсралтын 5.2.11-д “Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог сайжруулж, хүний эрхийн стандартыг нэвтрүүлнэ” гэж, Монгол Улсын Их Хурлын 2017 оны “Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан байдаг. Энэ дагуу төслийг боловсруулан өргөн мэдүүлсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна.

Мөн хүний эрхийн үндэсний тогтолцооны бүрдэл, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, комиссын үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх хангалттай төсөвтэй байхаар тусгасан байна. Түүнчлэн хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийн боловсролыг олон нийтэд түгээх, хөхиүлэн дэмжих, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн төслийг боловсруулж, хянуулж, батлуулах процедурыг тодорхой болгож тусгажээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь, Х.Нямбаатар нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. НҮБ-аас ирүүлсэн холбогдох зөвлөмж дээр хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолсон байдгийг хэлж байсан.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ