Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
2019.10.22
Гадаад харилцаа

Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив.

Засгийн газраас 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн нь улсынхаа  нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.” гэж заасан байдаг.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай  хууль  нь 1993 онд батлагдсанаас  хойш  нийт 13 удаагийн нэмэлт өөрчлөлт оруулж байсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаагаас гадна өнөөдөр мөрдөгдөж буй бусад хууль тогтоомжтой нийцүүлэх шаардлагын үүднээс төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл 6 бүлэг 12 зүйлтэй болохыг Л.Оюун-Эрдэнэ сайд танилцуулгын үеэр дурдлаа. 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Өнөөдрийн байдлаар БНСУ-д 49.000, АНУ-д 30.000, БНХАУ-д 10.000 орчим, Япон Улсад 9000 орчим гэх зэргээр гадаадын 76 улсад Монгол Улсын 175.687 иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 6 хувийг эзэлж байгаа гэдэг тоон мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

Оршин суугаа иргэдийн талаарх дээрх тоон мэдээлэл дээр зорчиж буй иргэдийн тоо жил бүр нэмэгдсээр 2.5 сая хүрсэн аж. Төслийн хүрээнд хилийн чанадад байгаа иргэдэд туслах сангийн талаар, сангаас тусламж дэмжлэг үзүүлэх хэлбэрийг тодорхой тусгаж, сантай холбоотой нарийвчилсан журмыг Засгийн газрын тогтоолоор батлах тухай эрх шилжүүлсэн зохицуулалтыг тусгажээ. Гадаадад байгаа иргэдийн эрхийг хамгаалах асуудлыг 43 дипломат төлөөлөгчийн газар болон консулын газар хариуцан ажилладаг байна.

Харин зөвхөн ОХУ дахь ЭСЯ-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны төлөөлөгч ажиллаж байгаа гэлээ. Хуулийн төслийн 4 дүгээр зүйлд гадаадад зорчих Монгол Улсын иргэний үүрэг, хариуцлагын талаар дурдсан байна. 180-аас дээш хоног зорчиж, тухайн бүс нутагтаа зорчиж байгаа тохиолдолд иргэд дипломат төлөөлөгчийн газар болон консулын газартаа бүртгүүлэх үүрэгтэй байдаг байсныг уян хатан болгож цахимаар бүртгүүлэх бололцоог бүрдүүлэхээр тусгажээ. Ингэснээр цаашид тухайн иргэн төрийн үйлчилгээг авах эрхийг хангах боломж бүрдэнэ хэмээн үзсэн байна. 

Ингээд гишүүд асуулт асууж, тодруулга хийсний дараа төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

ШИНЭ МЭДЭЭ