“Эрдэнэс-Тавантолгой” компани МУИС-тай найман чиглэлээр хамтарч ажиллана
2019.10.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Эрдэнэс-Тавантолгой” компани МУИС-тай найман чиглэлээр хамтарч ажиллана

  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК 2020 онд үнэт цаас гаргана
  • 1072 хувьцааны талаар оюутан, багш ажилчдад мэдээлэл түгээнэ
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани 2020 онд хөрөнгийн зах зээлд IPo гаргана.Ингэснээр тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм
  • МУИС-ийн багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлнэ
  • Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой

Үндэсний тэргүүлэгч компанийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн МУИС, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй албан ёсоор хамтарч ажиллахаар болж, хамтын ажиллагаагаа үзэглэлээ. Уг арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн захирал Б.Ганхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан оролцсон юм. МУИС-тай гэрээ байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхыг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажлуудыг зохион байгуулах,  холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэх аж. МУИС­ийг 2016-­2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд “МУИС-­ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний тулд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн зорьж энэхүү зорилгодоо хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ. Таван бүрэлдэхүүн, хоёр харьяа сургууль бүхий 22 мянган оюутан, 1500 орчим багштай тус сургуультай “Эрдэнэс-Тавантолгой” компани албан ёсны гэрээг үзэглэснээр МУИС-ийн ирээдүйн зорилгод маш их хувь нэмэр оруулахыг хоёр тал онцлов. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө МУИС-­ийн захирал Я.Төмөрбаатар үг хэлэхдээ “Өнөөдөр манай сургуулийн хувьд маш чухал ач холбогдолтой өдөр тохиож байна. Хоёр байгууллагын гарын үсэг зурах гэрээ нь олон ач холбогдолтой, бас өгөөжтэй. 77 жилийн түүхтэй манай сургууль 2016 онд буюу гурван жилийн өмнө стратеги төлөвлөгөөгөө шинэчилсэн. Уг төлөвлөгөөнд МУИС шинжлэх ухааны ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд тулгамдсан асуудлаар судалгаа хийх, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн манлайлж явна. Хоёр манлайлагч байгууллага хамтран ажиллах болсон нь таатай хэрэг. Бид улсын ууган манлайлагч сургуулийн хувьд багш нарынхаа шинэ технологи, мэдлэг, бүтээгдэхүүнийг хэрэг­лээнд, үйлдвэрлэлд нэвт­рүүлэх, инновацын соёлд онцгой анхаарал хандуулж байна” хэмээн онцлов. Харин “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил зохион байгуулсны нэг нь энэхүү арга хэмжээ юм. Бид шинжлэх ухаанд суурил­сан уул уурхайг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг. “Эрдэнэс­Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд нийт хувьцааныхаа 30 хувьд IPoхийж, хөрөнгө оруулалт босгож, дагалдах төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх бөгөөд эхний төсөл хөтөлбөрүүддээ хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Мөн удахгүй компанийн урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө ТУЗ хэлэлцэж эхэлнэ. Энэ бүхэнд шинжлэх ухаанч судалгаатай зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай тул танай сургууль болон ШУТИС-­ийн эрдэмтэн багш нарын хамтын ажиллагаа чухал юм. Түүнчлэн нь тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил, үүнтэй холбогдох бүх чиглэлээр хамтран ажиллах зорилготой байна. Миний хувьд төдийгүй манай хамт олны олонх нь танай сургуулийн төгсөгчид байдаг хэмээгээд 1500 эрдэмтэн багш, 22000 оюутантай өнөр бүлд ажлын өндөр амжилт хүсье” гэв. МУИС нь зөвхөн 2019-­2020 оны хичээлийн жилд л гэхэд Монголын төдийгүй гадаадын 20 гаруй байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, “Рио тинто”, “Багануур”, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс­-Тавантолгой” зэрэг Монголын төсвийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж буй компанитай хамтран ажиллаж байгааг сургуулийн удирдлагууд онцоллоо. “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн гүй­цэтгэх захирал Б.Ганхуяг дээрх сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ үеэрээ хамтран ажиллах талаар ярилцаж байжээ. Хоёр талын санамж бичгийн хүрээнд МУИС-­ийн оюутнуудыг “Эрдэнэс­т-Тавантолгой” компанид үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, МУИС-­ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмж­лэг үзүүлэх, МУИС-­д ахисан түвшний оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн үйл ажиллагааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон “Эрдэнэс­-тавантолгой” ХК-­ийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны талаар оюутан суралцагч, багш ажилчдад мэдээлэл түгээх зэргээр хамтран ажиллах юм. 

ШИНЖЛЭХ УХААНАЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭД "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ"-ТОЙ ХАМТАРНА

“Эрдэнэс-­Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг “Эрдэнэс­-Таван­толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ШУА-­ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. Энэхүү санамж бичиг бай­гуулснаар таван толгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эр­чимт өндөр технологи нэвт­рүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил зэрэг холбогдох бүхий л чиглэлээр хамтран ажиллах аж. “Эрдэнэс­-Тавантолгой” хувьцаат компанийн захирал гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр компанийн үйл ажиллагаа болон УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй холбоотой ажлаа танилцуулж, тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломж хийгээд үүнийг ажил болгох судалгаа шинжилгээний чиг­лэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолсон юм. Харин хими, химийн техно­логийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан хэлэх­дээ “Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажиллах бидний саналыг хүлээж авсанд талархаж байна. Хүрээлэнгийн маань дэргэд 11 судалгааны лабораторитой бөгөөд эдгээр нь нүүрсний олон шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох, судлахад түшиц болох төв байж чадна” гэв. Мөн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн төслийн тайлан хамтран боловсруулах, түүхий нүүрсний шинж чанарыг тодорхойлж, түүхий нүүрс болон балансын бус нүүрсийг угааж баяжуулах туршилт судалгаа хийх, нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс гарах хог хаягдлыг баяжуулах технологийн туршилт судалгааг хамтран хийхээр болжээ. Мөн нүүрсний давхаргын метан хийн боловсруулалт, синтезээр нийлэг байгалийн болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийн судалгааг хамтран хийх, нүүрсний давхаргын метан хийнээс нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж, экспортлох боломжийн судалгаа хийх зэргээр хамтран ажиллахаар ярилцжээ. 

"Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

- Цаг хугацааны хувьд маш чухал үе тохиож байна. Манай компани хүсэлт гаргасан юм. 2020 онд бид хөрөнгийн зах зээлд IPo гаргана. Ийн тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Дотооддоо шийдвэрлэх ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэж дууссан. Одооноос олон улсын зөвлөх компаниудтай ажиллах ажлууд маань аравдугаар сараас эхэлж байна. Энэ хүрээнд дотоодын эрдэмтэн, судлаач, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, нэг талаар дэм үзүүлэх, нөгөө талаар Монголын хөрсөнд буулгах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Үүнийг МУИС, ШУТИС зэрэг томоохон боловсролын байгууллагатай хамтарч хийнэ. 

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар:

- Манай сургууль дээд боловсролын тэргүүлэх байгууллагын хувьд үндэсний компаниудтай гэрээ байгуулж байна. “Эрдэнэс­-Тавантолгой” компанитай хамтарч ажиллахаар боллоо. Уг гэрээг гурван жил хэрэгжүүлнэ. Олон чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд тусгалаа. Юун түрүүнд манай багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлэх юм. Мөн манай сургуулийн төгсөгчдийг ажлын байраар хангах таатай боломж бүрдлээ. Түүнчлэн ахисан болон бакалаврын түвшний оюутнуудад тэтгэлэг өгөх ба хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс эхлээд олон талын хамтын ажиллагааны хүрээнд хийнэ. Энэ нь МУИС-­ийг судалгааны их сургууль болгох чухал ач холбогдолтой.

ШИНЭ МЭДЭЭ