МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.24
Хүний эрх

Л.Мөнхбаатар: Мал хулгайлах гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгасан

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм.

Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна.

Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг саллаа.

УИХ-ын Л.Мөнхбаатар:

"Энэ хуулийн төсөлтэй ижил агуулгатай, зорилго ижил хуулийн төслийг З.Нарантуяа нарын гишүүд өргөн бариад байгаа. Гэхдээ зохицуулалт нь өөр байгаа юм.

Статистик мэдээллээр мал хулгайлах гэмт хэргийн тоо жилээс жилд өсч байгаа. Тиймээс гэмт хэрэг өсч байгаа энэ асуудал нийгэм, эдийн засгийн асуудлуудаас хамаарахаас гадна уг гэмт хэрэгт ногдуулж байгаа ялын бодлого, эрх зүйн арга хэмжээ нь үүргээ сайн биелүүлж чадахгүй байна гэж үзэн хуулийн төслийг боловсруулсан. Тиймээс энэ төрлийн хэргийн ялыг чангатгах, боловсронгуй болгох зорилгоор Эрүүгийн хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан.

З.Нарантуяа гишүүний өргөн барьсан хуулийн төсөлтэй ялгаатай байгаа нь 17.1 дээр 2 төслийн санкц адил ч нийгэмд тустай ажил хийлгэх тухайд болон мал хулгайлсан этгээд гудамжинд хог шүүрдэх гэх мэт ажил хийгээд өнгөрдөг нь хангалтгүй байгаа юм. Үүнийг хасах заалт оруулсан.

Одоогийн хуульд байгаа 17.2-ыг чангалтгах, хүндрүүлэх нөхцлийг дэлгэрэнгүй болгосон. Зэвсэг, машин механизм ашигласан эсэх, гойд ашиг шимтэй мал байсан эсэх, бүлэглэсэн эсэх зэргийг харгалзан 3-8 жил хорих ял шийтгэхээр заасан.

Хохирлыг малын тоогоор тооцох нь зүйтэй гэж бид оруулсан. З.Нарантуяа гишүүний төсөлд нэгжээр тооцох нь хүндрэлтэй юм.

Зөрчлийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт нь их тодорхой байгаа. Мал махны үйлдвэрлэл, худалдааны асуудалд гарал үүслийн гэрчилгээгүй мах худалдаалсан бол гэж шинэ заалт оруулсан. Энэ бол гара үүслийн гэрчилгээгүй хулгайн мах борлуулахаас сэргийлэх эрх зүйн зохицуулалтын эхлэл тавигдаж байна.

Мал хулгайлах нь зөрчлийн асуудал биш Эрүүгийн гэмт хэрэгт орж байгаа юм. Тиймээс Эрүүгийн хуулиар зохицуулагдах ёстой юм."

ШИНЭ МЭДЭЭ