Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм.
Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна.
Төсөлтэй холбогдуулан Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг саллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ судалгааны материал харахад сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг өмнөх оныхоос 2 дахин нэмэгдсэн статистик гарсан байна. Энэ дээр юу харагдаж байна гэвэл “Ялын бодлого оновчтой биш байгаагаас энэ гэмт хэрэгтний ял завших, гэмт хэргээ давтан үйлдэх, зохион байгуулалттай бүлэглэх гэх үйлдэлүүд улам нэмэгдэх орчин нөхцөл үүсч байна.
Нүүдлийн уламжлалт мал аж ахуйтай бид үүнийгээ хамгаалж зөвхөн малын хулгайн гэмт хэрэг гэж онцгойлон малыг тусгайд нь авч үзэж Эрүүгийн хуульд нэр томъёо оруулсан. Тэрнээс машин хулгайны эсрэг гэмт хэрэг, орон сууц байрны хулгайны эсрэг гэмт хэрэг гэж тусдаа хууль гардаггүй. Энэ Монгол Улсын нүүдлийн мал аж ахуй уламжлалт онцлогтой холбоотойгоор ингэж хуульд зааж өгсөн байдаг. Хууль санаачлагч, Байнгын хорооны дарга, гишүүдэд анхааруулахад, нөгөө талаас Монголын төр малаа хамгаалж байна.
Мөн малаар гэмт хэрэг үйлдэж байгаа асуудлыг яах вэ? гэдэг асуудал байна. Би үүнийг Монгол Улсын газар тариалангийн бүс нутагт тохиолдож байгаа үйл явдал гэж хэлэх гэж байгаа юм. Санаатайгаар төрийн бодлогоор хамгаалалт хийсэн хашааг эвдээд, албаар малыг газар тариалангийн буюу улаан буудай тариалсан талбай, жимс жимжгэнэ, хүнсний ногоо уруу оруулж идүүлдэг. Санаатайгаар малыг ашиглаж гэмт хэрэг бусдын эд хөрөнгөд хохирол учруулдаг асуудлыг нөгөө талд нь энэ асуудлыг заавал тусгаж өгөөрэй. Энэ дээр энэ хуулийн санаачлагаар байнгын хороон дээр яригдсан зүйл байна уу? Үүнийг тариаланчдынхаа өмнөөс шаардаж ажиллах болно гэдэг ээ хэлмээр байна.
Нэг талдаа бид мал болон малчидаа хамгаалж байна. Нөгөө талаас дахин хэлэхэд малыг ашиглаж бусдын эд хөрөнгө энэ нь эргээд улс орны эдийн засагт маш хортой, хүнсний хангамжинд маш хортойгоор нөлөөлж байгааг бид харж байгаа. Бид нарын яриад байгаа эмзэг болсон хөрсийг сүйтгэж байгаа асуудал үүнтэй холбоотой. Тэгэхээр энэ зүйл дээр бас ялын бодлогод оруулж өгөх ёстой шүү гэж хэлмээр байна.