МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.24
Хүний эрх

Л.Мөнхбаатар: Энэ төслөөр ХЭҮК-ын ажил бүрэн өөрчлөгдөх итгэл төрөхгүй байна

Монгол Улсын Их хурлын чулганы /2019.10.22/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг хуулийн төсөлд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг боловсронгуй болгох, хуулийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшүүлэх, сонгон шалгаруулах ажиллагааг Парисын зарчимд нийцүүлэн олон нийтийн оролцоотойгоор ил тод, нээлттэй зохион байгуулахаар тусгасан байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

"Өнөөдөр нийгэмд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол хүний эрх, эрх чөлөө, Үндсэн хуульд заасан суурь эрхүүд, олон улсын нэгдэн орсон хүний эрх, эрх чөлөөний заалтуудын хэрэгжилтийн асуудал болоод байгаа. Хүний эрхийн зөрчил бүхий л салбарт байна. Үүний нэг бол эрүүдэн шүүлт юм. Цаашид хэрхэн шийдвэрлэх вэ? гэдэг нь энэ хуулийн шинэчилсэн найруулгад орсон гэж итгэж байна. одоогийн хуулиас харахад их том байгууллага, гэтэл ХЭҮК-ын хуулиар олгогдсон эрх нь хүний эрхийн илтгэл гаргах, түүнийгээ хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх, өргөдөл гомдлын дагуу шалгалт хийж, түүнийхээ дагуу зөвлөмж гаргадаг. Шүдгүй арслан гэдэг нь үнэн. Энэ байдлыг бүрэн өөрчилсөн хуулийн төсөл л орж ирэх ёстой.

Гэтэл одоогийн төслөөр энэ комиссын ажил бүрэн өөрчлөгдөх зүйл харагдахгүй, итгэл төрөхгүй байна. Энэ байгууллагын шийдвэр хүний эрх зөрчигчдийг айлгаж, таслан зогсоох чадалтай болох зүйл харагдахгүй. Одоогийн чадамжаа л бэхжүүлсэн зүйл байгаа учраас дэмжих боломжгүй байна.

Ер нь энэ байгууллагын гарсан шийдвэр нь шууд хэрэгждэг ийм механизмыг хуулийн төсөлдөө суулгаж өгөх ёстой гэж би ойлгож байна. Магадгүй эрүүгийн болон захиргааны шийдвэрт шууд оролцдог ч байж болох боломжийг бүрдүүлэх юм бол дэмжих боломжтой юм."

Түүний асуултанд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ