2019.10.24
Гадаад харилцаа

Б.Бат-Эрдэнэ: Гадаадад байгаа консул, элчингийн хүмүүс тухайн улсад байгаа иргэдээ анхаарах тал дээр муу

Монгол Улсын Их хурлын чуулганы /2019.10.24/ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж  дэмжив.

Хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох, бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа иргэдээ дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогод иргэдээ жигд хүртээмжтэй хамруулах талаар санаачилгатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж хууль санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. 
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"157,000 мянган иргэн хилийн чанадад байна гэжээ. Үүнийг ангилах боломжтой юу? Хэд нь аль улсын иргэн болсон. Суралцаж байгаа, ажиллаж амвдарч байгаа гэж ангилах уу? Тэд үнэхээр өөрийн чадлаараа л ингэж яваа. ГХЯ-ны гадаадад байгаа консул, элчингийн хүмүүс тухайн улсад байгаа иргэдээ анхаарах тал дээр муу шүү. Дарга нарыг бол өөр. Тиймээс бид хуульд өөрчлөлт оруулж болох ч төрийн тусгай үүрэг хүлээж байгаа хүмүүсийн хандлагыг хэрхэн өөрчлөх вэ?

Хуучин цагт бол дипломатууд өөр байсан. Өнөөдөр намын томилгоогоор тавьсан учраас сэтгэлгүй нь их байна. Тэнд байгаа иргэдийн хувьд бол өрөвдмөөр, сэтгэл өвдөм зүйл их байх юм. Нилээн ач холбогдол өгч батлах ёстой. Шинэ нөхцөл байдалд дэлхийн хандлагыг анзаарч, нийцүүлэх нь зүйтэй.

Хамгийн тааламжтай зүйл нь сан байгуулах юм байна. Иргэнийхээ эрхийг хамгаалах ажил хийгдэнэ. Гадаадын элчин, төлөөлөгчид ажиллаж байгаа хүмүүс сэтгэлээсээ оргилон хандаасай гэж бодож байна."

ШИНЭ МЭДЭЭ