МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.10.25
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.25/ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн танилцуулгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Хуулийн төсөлд, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын байр барихад шаардлагатай барааны импортын татварыг буцаан олгохоор зохицуулжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих төслийг БНЭУ-ын Эксим банк хооронд байгуулсан нэг тэрбум  236 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэн, 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжид шаардагдах дотоодын аж ахуйн нэгжээс хангагдах боломжгүй импортоор оруулж ирэх бараа, материалын Гаалийн албан татварыг хөнгөлж, дараа жилийн эхний улиралд багтааж буцаан олгохоор хуулийн төсөлд боловсруулсан байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч дууслаа. Ингээд Байнгын хорооны "Батлагдсан өдрөөс хуулийн төслийг дагаж мөрдөнө" гэснийг "2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө" гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 52 хувь нь дэмжив. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ