Ш.Анхмаа: Ойн хүрээнд соёлын өвийг сэргээн таниулах олон нийтэд чиглэсэн ажлууд хийгдэж байна
2019.10.29
Барилга, Хот байгуулалт

Ш.Анхмаа: Ойн хүрээнд соёлын өвийг сэргээн таниулах олон нийтэд чиглэсэн ажлууд хийгдэж байна

Эх сурвалж. Өдрийн сонин, сэтгүүлч Б.НОМИН

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан  орлогч Ш.Анхмаатай ярилцлаа.


-Нийслэл хотын 380 жилийн тэгш ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд нийслэлээс ямар чиглэлд голлон анхаарч, томоохон ажлууд хийж байна вэ?

-Анх 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээт цагаан нуур гэдэг газар нийслэл хот анх шавиа тавьсан байдаг. Нийслэл хот маань 28 удаа нүүдэллэн суурьшиж байсан газар бүрт гэрэлт хөшөө босгосон. Нийслэлийн анхны тулгын чулууг тавьсан Ширээт цагаан нуур болоод Сарьдагийн хийдэд очиж хүндэтгэл үзүүлсэн. 

Сарьдагийн хийд бол нийслэл хот маань хоёр дахь нүүдлээ хийж суурьшсан, Өндөр гэгээн Занабазарын 30 гаруй жилийн турш байгуулсан Номын их хүрээ буюу уран бүтээлийнх нь ордон байсан гэдгээрээ түүхэн ач холбогдолтой газар юм. Нийслэл Улаанбаатар хот маань одоогийн Хүн чулууны хонхорт суурьшихаас өмнө түүхэндээ хамгийн урт хугацаанд оршин суурьшиж байсан газар нь Сарьдагийн хийд бөгөөд Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун тэргүүтэй эрдэмтэн судлаачид зургаан жилийн турш малтлага судалгаа хийж 4000 орчим олдворыг илрүүлснээрээ өдгөө Монголын үндэсний музейд үзэсгэлэн дэлгээд байна.

380 жилийн ойг тохиолдуулан гурван үзэсгэлэн гарч байгаагийн нэг нь энэ юм. Зураач, уран бүтээлчдийн Улаанбаатар хотын талаарх зурсан зураг бүтээлийн үзэсгэлэнгээс гадна нийслэлийн Улаанбаатар хотын музей, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэнгээс хамтран “Нийслэл Улаанбаатар өнгөрсөн өдгөө ирээдүй" нэртэй фото зургийн үзэсгэлэнг Соёлын төв өргөөнд гаргалаа. Нийслэлийн оршин суугчдын 65 хувь нь 0-35 хүртэлх насныхан байгаа учраас хүүхэд багачууд залуустаа үүх түүх, өв уламжлал, соёл зан заншлаа таниулж мэдүүлэх нь их чухал.

Ойн арга хэмжээнд бид соёлын өвүүдийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлах, сурталчлан таниулах чиглэлээр түлхүү анхаарч, олон хийж байгаагийн нэг нь нийслэлийн суурьшиж байсан газруудын гэрэлт хөшөөнүүдийг сэргээн засварлах, Хүрээ нүүдлийг нийслэлийн аялал жуучлалын газраас зохион байгуулж байна. Жишээ нь, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газарт Богдын цэцэрлэгт хүрээлэн нэртэй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна. Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хаандаа зориулаад цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай 2006 оноос хойш л ярьсан. Одоо харин энэ ажил эхлээд явж байна.

Дээрх газрын 60 хувийг нь нэгэн компанид эзэмшүүлсэн байсныг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан цуцалж, газрын маргаантай асуудлыг цэгцэлсэн. Түүнээс гадна Богдын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах хөрөнгийн эх үүсвэрийг 2021 он хүртэл он дамнуулан төсөвт суулгахаар төлөвлөсөн байсныг нэг мөр шийдэж өгснөөр бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж эхэллээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнд Богд хааны хөшөө баримлаас эхлээд түүхэн ховор олдворууд зэрэг нийт 13 хөшөө баримал сүндэрлүүлэх юм.

Түүнчлэн нийслэлийн Архивын газраас нийслэл хот байгуулагдсаны түүхэн үйл явц өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний хурлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Хотынхоо талаар судалгаа хийсэн эрдэмтэн, доктор, профессоруудыг урьж авчран хотын түүхэн үйл явц одоогийн байдал ирээдүйд шийдэх шийдэл зэрэг хурлыг зохион байгууллаа.

-Хүний хөгжлийг дэмжих үүднээс нийгмийн салбарт ямар ямар ажлууд хийж байна вэ?

-Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг үндсэнд нь гурван чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлж байна. Нэгдүгээрт, бүтээн байгуулалт, тохижилт, нийгэм олон нийт рүү чиглэсэн спорт, соёл урлагийн арга хэмжээ, гадаад харилцаа хамтын ажиллагаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээ гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явагдаж байна.

Хоёрдугаарт, ой тэмдэглэх бүтээлч ажлууд өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн. 2019 онд нийгмийн салбарт 70 цэцэрлэг, 37 сургуулийн барилгыг хүлээж авсан. Дүүрэг бүрт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхлээд явж байна. Энэ жилийн хувьд Засаг даргын ивээл дор оюутан залуучууд руу чиглэсэн таван төрөлд спортын их наадмыг анх удаа зохион байгууллаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын ивээл дор иргэд рүү чиглэсэн спортын арга хэмжээ, Улаанбаатар марафон, иргэдийн спортын их наадам, сагс, волейболын лиг, дуулиан 2020 боллоо. Түүнчлэн удахгүй залуучуудын спортын наадам зохион байгуулагдах гэж байна. Хотын соёлыг иргэдэд хүргэх, ЕБС-ийн сурагчдад хотын соёлын талаар ойлголт мэдлэг түгээх сургалтуудыг зохион байгуулж байна. Хотын соёлд оюутан залуучуудын сайн жишгийг сурталчилсан цуврал нэвтрүүлгийг гаргахад бэлэн болсон. Энэ жилийн хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр үзэсгэлэн худалдааг долоон хоногийн турш зохион байгуулж байна.

Түүнчлэн нийгэм, соёл урлагийн чиглэлээр саяхан “Ulaanbaatar intenational day" арга хэмжээг анх удаагаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд зургаан орны 16 хотын 60 гаруй төлөөлөл оролцсон. Энэ хурлаар Улаанбаатар хотын өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлаа хэрхэн шийдэх, хамтын харилцаатай хотуудын сайн туршлагуудыг хэлэлцлээ. Нийслэлийн Улаанбаатар чуулга арван нэгдүгээр сарыг дуустал нийслэлийн есөн дүүргээр тойрч, “Их хотын аялгуу” хэмээх тоглолтоо нийслэлчүүддээ толилуулна. Хүндэтгэлийн концерт маань энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд тоглогдоно. Мөн ойн өдөр уламжлал ёсоор хүчит бөхийн барилдаан болно.

Хоёрдугаарт, нийслэлийн төсөв, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийслэл хотын есөн дүүрэгт тохижилтын ажил хийгдэж байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын санаачилгаар есөн дүүрэгт хөлбөмбөгийн талбайтай болох, нийтийн бие тамир спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулах.мөн “Мөсөн хотхон" 50 метрийн урттай усан бассейны ажил хийгдэж байна.

Мөн иргэд олон нийтийг амарч тухлах, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр цэцэрлэгт хүрээлэнгүүдийг байгуулж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн IV хороо буюу Хил хамгаалах ерөнхий газрын баруун талын 1.8 га газарт нийтийн эзэмшлийн спорт талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил хийгдээд эхэлсэн. Эзэмшиж буй газраа зориулалтын дагуу ашиглахгүй, хашаалж орхиод олон жил болсон байршлуудыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар үе шаттайгаар чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спортын талбай байгуулж байгаагийн нэг нь энэ юм.

Мөн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд “Дипломат 95” орон сууцны хойно 2000 ам метр газрыг эзэмшдэг компани талбайгаа хашаалж барилгын суурь ухаад, ашиглахгүй олон жил орхисон байсныг өдгөө чөлөөлж, газар дээр нь цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгааг дуулгахад таатай байна. Мөн Баянгол дүүргийн 1, 3, 4 дүгээр хороо Төмөр замын Вокзалын арын 4.3 га газрыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалттайгаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Засаг даргын захирамж гарсан. Энэ дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН хөрөнгө гарган цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хэсэгт 317 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тохижилт ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэж байна.

-380 жилийн ойн хүрээнд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг дурдвал?

-Томоохон бүтээн байгуулалтууд болох Сонсголонгийн төмөр, бетон хос гүүр, Замын цагдаагийн гүүрэн гарцын ажлууд дуусаж, замын хөдөлгөөнийг нээлээ. Олон жил яригдсан Налайх-Чойрын 20.9 км замын бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж, ойн баярын өдөр буюу аравдугаар сарын 29- нд дээрх замыг хүлээж авах гэж байна. Мөн нийслэлчүүд бидний тулгамдсан томоохон асуудлын нэг болох Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл амжилттай хэрэгжээд, гол бүтээн байгуулалтуудаа хүлээлгэн өгөөд байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, дэд төвүүдийг байгуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Дээрх дэд төвүүдийн усан сан, насос станцуудыг саяхан ашиглалтад хүлээн аваад байна. Ингэснээр тэр хавийн гэр хорооллын айл өрхүүд ундны цэвэр усаар хангагдах боломж нээгдэж байгаа юм.

Мөн нийслэлчүүдийн амин чухал нэг асуудал болох ундны цэвэр усны найдвартай эх үүсвэрээр хангах, усны алдагдлыг бууруулах чиглэлээр томоохон ахиц дэвшилтэй ажил хийгдэж, УСУГ-т Скада систем суурилуулснаар наад зах нь, нийслэлийн гэр хорооллын худагнуудыг 24 цагийн турш хянах автомат горимд шилжээд байна. Нийслэлийн 380 жилийн ой тохиож буй энэ жилийн тухайд онцлон дурдахгүй байхын аргагүй нэгэн чухал ажил бол Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд Засгийн газраас 62 дугаар тогтоол гаргаж, түүхий нүүрс хэрэглэхгүй, оруулахгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэн явдал юм. Анхлан хэрэгжүүлж байгаа ажил учраас бэрхшээл саад тулгарч байгаа ч бодит үр дүн нь ямар байгааг нийслэлчүүд бид өглөө, оройд харж, мэдэрч байна.

-Энэ жилийн ойн арга хэмжээний онцлог юу вэ?

-Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил" болгон зарласан. Энэ чиглэлээр олон ажил хийж байгаагийн дундаас би Соёлын элч ажиллуулах болсон тухай онцолмоор байна. 380 жилийн түүхт ойгоо тохиолдуулан бид бүтээлч ажлын төлөвлөгөө гаргаж ажилласны дотор хороо бүрийг Соёлын элчтэй болгож байгаа явдал.

Хотын соёлыг түгээх, хотын хөгжил дэвшилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх ажилд гар бие оролцон, нийгэм дэх сайн сайхан эерэг хандлага, зөв үлгэр дуурайлыг хорооныхоо оршин суугчдад түгээн дэлгэрүүлж, бүтээлч ажлууд санаачлан хийж хэрэгжүүлэх хүсэлтэй иргэдээс сонгон шалгаруулж, нийслэлийн 169 хороонд Соёлын элч ажиллуулаад, тодорхой хэмжээний урамшуулал олгох юм. Соёлын элчээ тухайн хороондоо амьдардаг, олон нийтэд үлгэр дууриал болохуйц нөлөө бүхий иргэдийг сонгож соёлын элчээр тодруулах юм.

-1.5 сая шахам оршин суугчтай Улаанбаатар хотын хувьд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал ямагт чихнээс хонх уядаг. Энэ чиглэлээр ямар ахиц дэвшил гарч байна вэ?

-2016-2019 оны хооронд нийслэлд 147 цэцэрлэг, 79 сургуулийг ашиглалтад оруулсан. Энэ бол нийгмийн салбарлуу чиглэсэн маш том бүтээн байгуулалт. 2016 онд гурван ээлжээр хичээллэж байсан 34 сургууль байсан бол өнөөдөр гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль хоёр л үлдээд байна. 2020 оны эхний улиралд энэ асуудлыг бүрэн шийдэж, Улаанбаатар хотын бүх ерөнхий боловсролын сургуулиуд хоёр ээлжинд шилжинэ.

2016 онд цэцэрлэгийн хүртээмж 68 хувьтай байсныг өнөөдөр 84 хувьд хүргэсэн. 2020 ондоо багтаж 85 хувь буюу олон улсын стандартад нийцүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдэд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Улс, нийслэлийн төсөв, гадаадын буцалтгүй зээл тусламжаар хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь шийдэгдсэн. Боловсролын салбарт чиглэсэн ажлаа нийслэл хангалттай гүйцэтгэсэн гэж бодож байна. Нийслэлийн хэмжээнд сургалтын чанарт ахиц гарсан. Жил бүр хоёр шатаар урагшилж байгаа.

Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний дараа мэдээж сургалтын чанар ахицыг ярих ёстой. Хүмүүжлийн аян ёс заншлыг сурагчдын дунд түгээн дэлгэрүүлэх тал дээр дорвитой ажил хийж байна. Багш нарын индекс урамшууллыг сургууль бүрт нь өгдөг болсон.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн гурван жилийн турш маш их ажил хийсэн. Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээний асуудлыг шийдэж байна. Хүүхдийн ор нэмэлтээр оруулж дотоод зохион байгуулалтыг хийсэн. Баянгол дүүрэгт 60 ортой хүүхдийн эмнэлэг, Баянзүрх дүүрэгт 100 ортой хүүхдийн эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг шинээр ашиглалтад оруулсан. Хүүхдийн ор 2016 онд нийслэлд 700 гаруй байсан бол одоо 1000 дөхөж байна.

Яармаг дахь 300 ортой Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв ирэх оны эхний улиралд ашиглалтад орно. Мөн Сонгинохайрхан дүүрэгг олон улсын жишигт нийцсэн эмнэлэг анх удаа ашиглалтад орохоор хүүхдийн ор нийслэлийн хэмжээнд 1200 болох юм. Өрхийн эмнэлгийн чадавхийг сайжруулж, дүүргийн нэгдсэн эмнэлгийг сайжруулж байж Улсын нэгдсэн эмнэлгуүдийн ачааллыг буурна. Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг засварлах, 

эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах ажлыг шат дараатай хийж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10 өрхийн эмнэлэг барих ажил эхэлсэн. Туркийн Истанбул хотын тусламжаар 10 өрхийн эмнэлэг байгуулах ажил мөн хийгдэж байна. Гурав нь баригдсан. Хоёрдугаар шатлалын эмнэлэг дээр ч олон ажил хийгдсэн. Нэн тулгамдаж байгаа асуудал болох Хавдрын тасгуудыг хоёрдугаар шатлалын эмнэлэгт байгуулж, найман дүүргийн Эрүүл мэндийн төвд бөөрний дутагдлын эмчилгээний аппаратуудтай болсон гээд яриад байвал олон ажил хийгдэж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ