Говь-Алтай аймгийн нийт иргэдийн 70 гаруй хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ
2019.11.01
Эдийн засаг, Худалдаа

Говь-Алтай аймгийн нийт иргэдийн 70 гаруй хувь нь хувьцааны дансаа нээлгэжээ

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Иргэдийн санхүүгийн мэдлэг ялангуяа хөрөнгийн зах зээл, 1072 хувьцаа, ногдол ашиг түүний үр шимийг хэрхэн хүртэх тухай мэдээлэл олгохоор зохион байгуулж буй “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Говь-Алтай аймагт үргэлжилж байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын багийнхан тус аймгийн Алтай хотноо аравдугаар сарын 31-нд аяны нээлтээ хийсэн бөгөөд долоо хоногийн турш 18 сумын ард иргэдэд хөрөнгийн зах зээлтэй холбоотой сургалт, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох юм.  Сургалтын багийнхан тус аймгийн төвд хоёр хоног ажиллах бөгөөд эхний өдөр төрийн алба хаагчдад дараагийн өдөр Есөнбулаг сумын найман багийн хөдөлмөрчдөд хөрөнгийн зах зээлийн анхан шатны мэдлэг олгох ажээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017 онд 401 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Компанийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тэлэх зорилгоор “Тавантолгой-Гашуунсухайт”, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр зам, авто зам барих, баяжуулах үйлдвэр барих гэх мэт томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалт хийжээ. Зүүнбаян, Гашуунсухайтын чиглэлд тавьж буй төмөр зам ашиглалтад орсноор нэг тонн нүүрсний үнийн тээвэрлэлтийн зардал дөрөв дахин буурч иргэдэд ноогдох ногдол ашиг тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Одоо авто замаар нэг тонн нүүрсийг тээвэрлэхэд 35 доллар зарцуулж байгаа бол төмөр замаар тээвэрлэхэд найман доллар зарцуулах гэнэ. Ингэснээр иргэн бүрт олгох ногдол ашиг ийнхүү бодитой нэмэгдэнэ хэмээн аяны нээлтийн үеэр онцолсон юм. 

Мөн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 мэдээллийн төвийн ажилтан Б.Амартүвшинээс аяны ач холбогдлын талаар тодрууллаа.  “Иргэд хөрөнгийн зах зээлийн мэдээлэлгүйгээс болоод компанийн цэвэр ашгийг шууд бэлэн мөнгөөр өгөх ёстой гэсэн ташаа ойлголттой байдаг. Харин бидний өрнүүлж буй энэхүү аянд хамрагдан сургалтад сууснаар зөв мэдээлэлтэй болж байна. Сургалтад хамрагдсан иргэдээс “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа түүний талаарх ойлголт, цаашдын үйл ажиллагааг сайжруулах дүгнэлт болон зөвлөмж боловсруулах зорилготой судалгаа авахад сургалтад хамрагдахын өмнө хувьцаагаа бэлэн мөнгө хэлбэрээр авна гэж хариулсан бол дараа нь улс орны хөгжил, үр хүүхдүүддээ өвлүүлэх, өсгөх маш олон боломж байдаг юм байа гэдгийг ойлгож байна. Мөн өөрийн хувьцаагаа хэрхэн ашиглах талаар шинэ мэдлэгтэй боллоо хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байгаа нь хөрөнгийн зах зээлийн зөв мэдээлэлтэй болсны илрэл болов уу.

Манай багийнхан баруун таван аймгаар сургалтаа зохион байгуулж байна. Одоогоор 3000 гаруй иргэн сургалтад, 8000 иргэн судалгаанд хамрагдаад байна гэлээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааг Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг. 2019 оны жилийн эцсийн тайлан баланс гарч дуусахаар 2020 оны дөрөвдүгээр сард ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэддээ ногдол ашгийг хуваарилах асуудлыг Засгийн газартай хамтран ярилцаж шийдвэрлэнэ” гэдгийг онцолсон юм.

Одоогоор Говь-Алтай аймгийн нийт иргэдийн 70 гаруй хувь, Есөнбулаг сумын 8000 гаруй иргэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны дансаа брокер дилерийн “Гүүдсек ҮЦК” ХХК-д нээлгэсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ