2019.11.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Хан-Уул дүүргийн 49 дүгээр цэцэрлэгийг ашиглалтанд хүлээн авч, нээлтээ хийлээ
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэх хорооллын дунд байрлах 49 дүгээр цэцэрлэгийн 100 хүүхдийн өргөтгөлийг ашиглалтанд хүлээн авч, нээлтээ хийлээ. 2018-2019 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1 тэрбум 97.0 сая төгрөгийн төсөвт өртөгөөр “Мөнхийн үргэлжлэл” ХХК барьж гүйцэтгэсэн.
Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нийт хамран сургах тойрог цэцэрлэгийн насны 410 хүүхэдтэйгээс 7 бүлгийн 365 хүүхэд хүлээн авч, 30 багш, ажилтантайгаар сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.
Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нь 2018-2020 оны Улсын төсөвт уг өргөтгөлийн ажлыг тусгуулсан бөгөөд 2020-2021 оны Улсын төсөвт дахин 100 хүүхдийн өргөтгөлийг суулгуулахаар ажиллаж байна. Учир нь Цэцэрлэгийн барилга анх 1962 онд баригдсан бөгөөд ашиглалтын хугацаа дуусаж, мэргэжлийн хяналтын дүгнэлтээр цаашид үйл ажиллагаа явуулахыг Мэргэжлийн байгууллага зогсоосон юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн зөвлөх Т.Билэгт, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов.