Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нарт баяр хүргэлээ
2019.11.05
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нарт баяр хүргэлээ

 ОХУ-ын Төрийн Дум дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд шатрын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Арав дахь удаагаа болсон уг тэмцээн 10-р сарын 17-21-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон бөгөөд Монгол Улсын Их Хурлыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Б.Пүрэвдорж нар оролцсон билээ.

ОХУ, Беларусь, Франц, Серб, Молдав, Кыргыз, Латви, Монгол зэрэг 8 орны  парламентын 50 гишүүн оролцсон тус тэмцээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 50 гишүүд дотроо 5-р байр эзэлсэн бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг эмэгтэй шатарчдаас тэргүүн байр эзэлсэн юм.

Тэмцээнд Их мастер цолтон, Европын цомын аварга, ОХУ-ын багийн болон клубийн тэмцээний аварга зэрэг өндөр зэрэглэлийн шатарчид оролцсон байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэдний энэ амжилтыг өндрөөр үнэлж, баяр хүргэв.

Тэрбээр “Дэлхийн улс орнуудын хууль тогтоогчидтой оюуны спортын төрлөөр өрсөлдөж өндөр амжилт гаргасан Та бүхэнд талархал илэрхийлье. Монголын парламентад шатрын спортоор хичээллэгч гишүүд цөөнгүй бий. Цаашид тус тэмцээнд бэлтгэж, тогтмол оролцож байх нь чухал юм” гэлээ.

    ОХУ-ын Төрийн Дум “Олон улсын парламентын наадам”-ыг 2009 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд парламент хоорондын нөхөрсөг харилцааг бэхжүүлэх, спортыг сурталчлах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилгод уг наадам чиглэдэг ажээ.

Парламентын наадмын хөтөлбөр спорт, албан ёсны, урлаг соёлын гэсэн гурван чиглэлээр зохион байгуулагддаг юм байна.

Спортын хөтөлбөрт  шатар, бильярд, мини-хөлбөмбөг, газрын болон ширээний теннис, бадминтон багтдаг. Энэ жилийн наадамд Хүндэт зочноор дэлхийн шатрын гурван удаагийн аварга, Төрийн Думын депутат, алдарт Анатолий Карпов, олимп, дэлхийн олон удаагийн аварга, Төрийн Думын депутат, алдарт хоккейчин Вячеслав Третьяк нарын зэрэг алдартнууд оролцсон байна. 

ШИНЭ МЭДЭЭ