МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр: Мөнгө угаахтай тэмцэх ажлыг үндэсний хэмжээний үйл ажиллагаа болгосноор үр дүнд хүрнэ
2019.11.05
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Мөнгө угаахтай тэмцэх ажлыг үндэсний хэмжээний үйл ажиллагаа болгосноор үр дүнд хүрнэ

Эх сурвалж: Өдрийн сонин, сэтгүүлч Б.Номин-Эрдэнэ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.

-Та 2007 онд “Мөнгө угаах гэж юу вэ” гэх ном бичиж байсан. Ер нь мөнгө угаах гэдгийг энгийнээр тайлбарлавал?

-Хамгийн энгийнээр тайлбарлахад мөнгө угаах гэдэг нь хууль бус, бохир аргаар олсон мөнгөө хууль ёсны мэт харагдуулах арга гэж хэлж болно.

Мөнгө угаахдаа зэвсгийн хууль бус худалдаа барааг хилээр хууль бусаар нэвтрүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхины хууль бус эргэлт, биеэ үнэлэх, хүний наймаа зэргийг ашигладаг гэж үздэг.

Мөнгө угаах үйл ажиллагаа төрөл бүрийн гэмт хэргийг араасаа дагуулдаг. Мөнгө угаах гэдэгт татварын луйвар, хууль бус бүх худалдаа үйлдвэрлэл, терроризм, болон бусад гэмт хэргээс олсон бохир мөнгө мөн хамаарна. Түүнчлэн төрийн мөнгийг шамшигдуулах, ашиглах, албан тушаалын гэмт хэрэг, авлига хээл хахууль, компьютерээр дамжих луйвар зэрэг нь их орлогыг хуримтлуулах учир түүнийг угаах шаардлага заавал гарна. Ийм мөнгийг угаахын тулд хууль дүрэм нь хэрэгждэггүй, татвараас зайлсхийх боломжтой газрыг сонгодог

-Мөнгө угаах гэмт хэргийн талаар та өөрийн байр сууриа илэрхийлээч?

-НҮБ-ын Хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх агентлаг (UNODC)–ийн үзэж байгаагаар мөнгө угаагчид хар тамхины хууль бус худалдаа болон зохион байгуулалттай гэмт хэргээс асар их орлого олж, ойролцоогоор дэлхийн ДНБ-ий 3.6 хувьтай тэнцэх мөнгө буюу 1.6 их наяд ам.долларыг жилдээ угааж байна.

Сүүлийн жилүүдэд мөнгө угаах гэмт хэрэг олон улсын шинжтэй болж, санхүүгийн гэмт хэрэг үйлдэхэд технологийн дэвшлийг ашиглах болсны дээр олон улсын гэмт хэрэг олон талт асуудлыг үүсгэх боллоо.

Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмтхэрэг, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, хар тамхи хууль бус худалдаатай тэмцэхийн тулд улс орнууд хүчээ нэгтгэн харилцан бие биедээ туслах, мэдээлэл солилцох, санхүүгийн гэмт хэргийг илрүүлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.

Саяхан манай улсад 800 орчим хятад иргэд компьютер, гар утас, ашиглан хийж байсан ажил нь мөнгө угаах чиглэлээр хийгдсэн байх өндөр магадлалтай. Хууль хяналтын байгууллага шалгаж шийдэх байх.

-Дэлхий дахинд анх хэн, хэзээ, хаана мөнгө угааж эхэлсэн юм бол?

-Ер нь мөнгө угаахын товч түүх нь төрөөс олсон мөнгөө нуух, тухайлбал хураан авахаас болон татвар ногдуулахаас зугтаах зорилгоор нууж ирсэн байдаг. Хэзээ мөнгө угааж эхэлснийг тодорхой тогтоогоогүй хэдий ч 2000 жилийн тэртээгээс Хятадын худалдаачид мөнгө хөрөнгөө нуух, бөглүү тосгонд аваачиж хөрөнгө оруулах өөр улс оронд гаргах зэрэг арга хэрэглэдэг байжээ.

Ийм маягаар оффшорын бизнес үүсч, татвараас зугтаах боломжийг бүрдүүлж өгсөн байдаг. Хэдэн мянган жилийн туршид хүмүүс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөө угаахдаа гол төлөв засгийн хараанд орохоос сэргийлж зугтаалгах аргыг түгээмэл хэрэглэдэг байсан.

1980-аад оноос олон улсын хэмжээнд мөнгө угаахыг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж эхэлсэн. 1989 онд FATF(Financial Task Ac­tion Force)байгуулагдсан. 1990 онд гаргасан анхны тайландаа энэ байгууллага мөнгө угаах үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж хуульчлахыг зөвлөмж болгосон.

-Мөнгийг хэн угаадаг вэ?

-Нийгмийн бүх давхаргын төлөөлөгчид санаатай болон санаандгүй байдлаар энэ гэмт хэрэгт холбогддог. Хэн нэгэн хүн гэмт хэрэгтний хууль бусаар олсон мөнгийг угаахад оролцсон бол мөнгө угаагч болно гэсэн үг л дээ.

Мөнгө олох зорилгоор гэмт хэрэг үйлдэхийг эдийн засгийн гэмт хэрэг гэдэг. Энэ нь голдуу амар хялбар аргаар богино хугцаанд баяжих хүсэлдээ автагдан мөнгө угаадаг. Гэмт хэрэгтнүүд олсон мөнгөө дараагийн гэмт хэргээ санхүүжүүлэх, хаа нэг газар нуун дарагдуулж байгаад ашиглах, эсхүл шууд ашигладаг.

-Мөнгө угаах үе шатууд гэж байх уу?

-Мөнгө угаах хэд хэдэн үе шат бий. Хууль бус орлогоо эхлээд санхүүгийн байгууллага руу оруулж ирэхийг хичээдэг.

Банкны данс руу оруулж ирэхдээ хэд хэд хувааж, багасгах замаар оруулдаг. Нэгэнт оруулсан мөнгөө буцааж гаргахын тулд мөнгө угаагч худалдан авсан барааны үнэ төлөх, хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгох, үйлчилгээний төлбөр болгох гэх мэтээр банкнаас банкны хооронд шилжүүлж эхэлнэ.

Ингэхдээ мөнгө угаахын эсрэг арга хэмжээг сайн хэрэгжүүлдэггүй, ФАТФ-ын шаардлагыг биелүүлдэггүй, биелүүлсэн ч хагас дутуу биелүүлдэг орныг сонгож авдаг. Хэд хэдэн удаа ийш тийш дамжуулан шилжүүлж байгаад дараа нь хууль ёсны эх үүсвэр болгоод буцаад анх шилжүүлсэн орондоо байршуулна. Мөнгийг угаах явцад оффшор санхүүгийн, бүс нутгийн санхүүгийн, дэлхийн хэмжээний банкны төвүүдийг ашигладаг.

Зарим тохиолдолд мөнгө хаана байж байгаад хаашаа шилжсэн нь тодорхойгүй, үндсэндээ мөрөө баллуурдах замаар гүйлгээ хийдэг.

-Олон улсын хэмжээнд мөнгийг хаана байршуулдаг, ямар аргаар цэвэршүүлдэг талаар мэдээлэл хэр нээлттэй байдаг вэ?

-Мөнгө угаахдаа эхлээд гэмт үйл ажиллагаанаас олсон орлогыг байршуулна. Дараа нь ямар замаар хаанаас орж ирсэнийг далдлах зорилгоор ийш тийш шилжүүлэх үйл ажиллагаа явуулна. Эцэст нь хууль ёсны болгож авдаг.

Өөр нэг арга нь бэлэн мөнгөний урсгалыг хянахад төвөгтэй бизнес эрхэлж, бага багаар хөрөнгө оруулж, түүндээ татвар төлөх явдал юм. Дансаар дамжуулан байршуулах аргыг өргөн хэрэглэдэг. Гадаадын хадгаламж авагч байгууллагуудад зориулан данс нээхдээ санхүүгийн байгууллагуудад хянуур хандвал зохилтой.

Яагаад гэвэл гадны болон дотоодын банк нь мэдээгүй байхад үйлчлүүлэгч нартай чекээр үйлчлэх данс нээх үзэгдэл түгээмэл байдаг.

-Дэлхийд болон Монгол Улсад мөнгө угаах үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж байгаа гол шалт-гааныг та юу гэж харж байна вэ?

-Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд гол бэрхшээл үүсгэж байгаа нэг зүйл нь дэлхийн өнцөг булан бүрээс өдөрт хэдэн саяаараа дамжиж байгаа банкны гуйвуулгын тоо хэмжээ юм.

Банкаар дамжуулан мөнгө угаахаас гадна гэмт бүлэглэлүүд хөрөнгийн биржийн арилжаа, санхүүгийн байгууллага, шуудан харилцааны газрууд, казино, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, болон банк бус санхүүгийн байгууллага, зээлийн хоршоогоор дамжуулан мөнгийг угааж байна.

Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлэхэд үүсдэг гол бэрхшээл нь улс орнуудын хувьд уг асуудлыг хэрхэн авч үзэж байгаа,түүнтэй хэрхэн тэмцэж байгаа арга хэрэгсэлтэй холбоотой. Зарим оронд мөнгө угаах арга ажиллагааг гэм хэрэг гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхад зарим оронд үүнийг хүлээн зөвшөөрдөг.

Ийм учраас гэмт хэрэгтнүүд буруу замаар олсон орлогоо гагцхүү тэдгээр орнуудад очиж угаах сонирхолтой байдаг.

Хэрэв их хэмжээний хууль бус орлогоо эргэлтэд амжилттай оруулж чадсан бол мөнгө угаагчдын үйл ажиллагааг илрүүлэхэд бэрх болдог. Нуун далдлах үе шат гэдэг нь гадна талаас нь харахад хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа дүр үзүүлэх боловч мөн чанартаа мөнгөний хууль бус эх үүсвэрийг нуун далдлахад чиглэсэн үйл ажиллагаа юм.

Зарим улс орнуудад валют солих диллерийн үйл ажиллагаанд бараг хяналт тавьдаггүй учраас бэлэн мөнгөний гүйлгээ хийсэн тухай нарийн дүн бүртгэл хөтлөхийг шаарддаггүй.

Мөнгө угаагч нь мөнгөө гадаад валютын чек болгоод гадаадын дансанд чекээ оруулдаг. Эсхүл гадаадаас бараа худалдан авахад түүгээрээ төлбөрийн тооцоо хийдэг. Түүнчлэн валют солих сүлжээгээр өөрийн орон руу мөнгөө шилжүүлдэг.

-Мөнгө угаах гэмт хэргийн хор уршиг маш их байна. Тэдгээрээс хамгийн ноцтой аюултай нь юу вэ?

-Мөнгө угаах нь гэмт хэрэг бөгөөд улс орны нийгэм, эдийн засагт асар их хор хохиролтой. Мөнгө угаах бизнес нь хар тамхины наймаачид, контрабанд үйлдэгч нар болон бусад гэмт хэрэгтнийг үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд түлхдэг. Мөнгө угаах нь хууль сахиулах байгууллага, эрүүл мэндийн үйлчилгээний өртөг зардлыг нэмэгдүүлж, санхүүгийн байгууллагын хүчин чадлыг доройтуулдаг.

Мөн хууль бусаар олсон их хэмжээний бэлэн мөнгийг эргэлдүүлдэг учраас авлигыг цэцэглүүлэх гол суурь болдогоороо маш хохиролтой. Мөнгө угааснаар улсын төсөвт орох орлого буурч, татвараа шударгаар төлөгч иргэдийг хохироож, ажлын байр шинээр бий болох боломжуудыг бууруулдаг.

Мөн иргэдийн амьдралын чанарыг доройтуулж, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ.

-Банк санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө угаах тохиолдол их байдаг уу?

Мөнгө угаах нь хамгийн түрүүнд банк, санхүүгийн байгууллагуудын үйчилгээний зах зээлд сөргөөр нөлөөлж, ёс зүй, бизнесийн хэм хэмжээг доройтуулна. Санхүүгийн байгууллагын нэр хүнд, ёс зүй асар өндөр байж олны итгэлийг хүлээж, мөнгийг нь байршуулж, өөрсдөө оршин тогтнож, ашиг орлого олдог.

Мөнгө угаалтад өртсөн санхүүгийн байгууллага, банк дотооддоо болон гадаадын харилцагч, дамжуулагч банкуудаа алдаж, гүйлгээ хийх боломжоо хумих аюултай. Мөнгө угаахтай холбогдож бизнесийн нэр хүндээ алдах нь банк, санхүүгийн байгууллагын хувьд дампуурах нөхцөлөө бүрдүүлсэнтэй адил сөрөг нөлөө үзүүлнэ.

Ийм учраас дэлхий дээрх бүх банк, санхүүгийн байгууллага мөнгө угаахын эсрэг арга хэмжээгээ чангатгаж байна. Макро эдийн засгийн түвшинд мөнгө угаах явдал ихээхэн хэмжээний сөрөг нөлөөг үзүүлэх бөгөөд мөнгөний хомсдол үүсэх, хууль ёсны санхүүгийн гүйлгээнд хортойгоор нөлөөлөх, гадаадын капиталын урсгалд өөрчлөлт орох, валютын ханш өсөх, хил дамнасан хөрөнгийн гадагшлах урсгал гэнэт нэмэгдэх зэргээр илэрнэ.

Мөн авлига нэмэгдэж, нийгмийн ёс суртахуун, шударга байдлыг дээдлэхэд сөргөөр нөлөөлж, хуулийн засаглал болон ардчиллын үнэт зүйлсийг хэврэг болгоно.

-Гэмт хэрэгтнүүд угаасан мөнгөө ер нь хаана нуун дарагдуулж болох вэ?

-Мөнгө угаагч хууль бус орлогоо нуухын тулд мөнгө угаасан орны банкнаас кредит карт авч түүнийгээ албан болон хувийн зорилгод ашигладаг.

Мөн даатгалын компани ашиглах, хууль бус орлого олсон орон болон гадагш гаргах орны хооронд худалдааны хэлцэл хийж, барааны захиалга өгөх, бараа үйлчилгээний үнийг хэт өсгөж угаасан мөнгөө хавчуулах, эсхүл бүр эхнээсээ хуурамч үнийн нэхэмжлэл явуулж мөнгөө угаадаг.

Мөнгийг банкаар дамжуулан угааснаар орлого нь хууль ёсных хэмээн тооцогдож мөнгө эргэлтэд орох боломжийг бүрдүүлдэг. Гадаад улсын дансанд хууль бусаар орлогоо хадгалж буй мөнгө угаагч нь хөрөнгө оруулалт хийхээр шийдсэн бол юуны түрүүнд хууль ёсны орлогоосоо урьдчилгаа хийгээд үлдсэн мөнгөө төлөхдөө хууль бус орлогоо хадгалж буй гадаадын банкнаас зээл авдаг.

Авсан зээлээ хууль бус орлогоосоо төлдөг. Ингээд хөрөнгө оруулалтаас буцаж ирсэн мөнгө нь угаагдсан мөнгө байдаг. Сүүлийн жилүүдэд техник технологийн дэвшилийг ашиглан мөнгө угаах нь эрс өссөн бөгөөд маш хурдтай олон удаагийн давтамжтай, хил хязгааргүйгээр их хэмжээний мөнгийг угааж байна.

-Олон улсын хэмжээнд ямар арга, хэрэгслүүд ашиглан мөнгийг угааж байна вэ?

-Оффшор бүсээр дамжуулан, цахимаар, худалдаагаар дамжуулан, санхүүгийн бүтээгдэхүүн маягаар, халхавч компаниар дамжуулах, цахим сүлжээн дэхь луйвар, картын луйвар, банкаар дамжуулан, мөнгөн гуйвуулгын албан бус сувгаар, терроризмыг санхүүжүүлэх, алтны болон эрдэс баялгийн худалдаа, хар тамхины хууль бус наймаа хийх гэх мэт мөнгө угаах олон арга байна.

Олон улсын хэмжээнд нийтлэг аргын нэг болох оффшор бүсүүдэд мөнгө угаахдаа гол төлөв оффшор төвүүд, татваргүй бүсүүдэд очиж ажил үйлчилгээ эрхлэх нь хялбар. Яагаад гэвэл гадны хүмүүс бизнес эрхлэхэд ямар нэгэн хориг хязгаар байхгүй, оффшорын банкууд хэнээс ч хамаагүй мөнгийг авч хадгалдаг.

Сүүлийн жилүүдэд татвараас зугтаах хуулиас гадуур бизнес эрхлэх хүсэлтэй гадныханы хувьд байгалийн баялаг нь хомсдоод гадаад валютын нөөц нь багассан, эдийн засгийн хөгжлийн төлөв нь бүдгэрсэн улс орнууд мөнгө угаах таатай орчин бүхий газар болж хувирсан.

Хөрөнгө оруулагчдыг татахын тулд маш доогуур буюу огт татвар ногдуулахгүй учраас компаниуд жирийн иргэд хүртэл татварын ачааллаа хөнгөлөхөөр тийшээ зүглэдэг болсон. Татвараас зугтаахын тулд өөр оронд байрлахыг гэмт хэрэг гэж үздэггүй учир учраас тэд ийнхүү хөрөнгөө байршуулдаг бөгөөд зөвхөн гадныханд ийм хөнгөлөлт үзүүлдэг.

Хамгийн гол нь бусад орны хуулиар олгогдоогүй эрхийг тэдэнд санал болгодог ба банкны нууцлалын тухай хууль нь хөрөнгөө нууцлахад тус болдог.

-Техник технологийн дэвшил нь мөнгө угаах гэмт хэрэгт нөлөөлж байна гэж үзэж болох уу?

-Сүүлийн жилүүдэд мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжил, ухаалаг картын нэвтрэлт, электрон банкны үйлчилгээ, бизнес гарч ирснээр сүлжээгээр мөнгө угаах явдал их гарч байна.

Орчин үеийн санхүүгийн систем сая сая долларыг хувийн компьютер, сансрын хиймэл дагуулыг ашиглан нүд ирмэх зуур шилжүүлж байна. Санхүүгийн системд сүлжээний бизнес өргөжсөнөөр бэлэн мөнгө буюу и-мөнгийг ухаалаг картаар болон интернэтээр шилжүүлдэг болсон.

И мөнгө нь нүдэнд харагдахгүй ч яг л цаасан мөнгөний үүрэг гүйцэтгэж чадах ба эрсдэл багатай, шилжүүлэх, авч явах, захиран зарцуулах, хамгаалахад төвөггүй, харин ч цаасан мөнгөнөөс илүү хялбар учраас мөнгө угаагчдын анхаарлыг татдаг.

И мөнгийг шилжүүлэхэд цаг хугацаа орохгүй нүд ирмэх зуур улс орнуудын хил хязгаарыг даван туулж, чөлөөтэй хязгааргүй орчинд шилжих боломжтой.Мөнгө гуйвуулгын хувьд хууль ёсны болон хууль бус шилжүүлгийн систем үйлчилдэг бөгөөд үүнийг зэрэгцээ /паралел/ банк гэдэг.

Мөнгө шилжүүлгийн хууль ёсны систем нь хувийн хэрэглэгчид, электрон банкны болон компанийн харилцагчдын хүрээнд олон улсын хэмжээнд бол томоохон төлбөрийг хийдэг swift эсхүл target-аар дамждаг.

Харин хууль бус шилжүүлэг нь “Хавала” маягийн системээр дамждаг. Энэ систем нь банкны албан ёсны данс ашиглалгүйгээр албан бус, итгэлцлийн холбоон дээр оршин тогтнодог.

-Гадаадын улс орнуудад казинод мөнгө угаадаг гэсэн мэдээлэл байдаг. Энэ хэр үнэн бодитой вэ?

-Казино нь мөрийтэй тоглоомоос гадна санхүүгийн олон төрлийн үйлчилгээ буюу хадгаламж, зээлийн данс нээх, хөрөнгө мөнгийг шилжүүлэх, чекийг бэлэн мөнгө болгох, валют солих зэрэг үйлчилгээг санал болгодгоороо хадгаламжийн болон санхүүгийн бусад байгууллагаас ялгарахгүй.

Энд бэлэн мөнгө их хэмжээгээр эргэлддэг учраас мөнгө угаах болон санхүүгийн бусад гэмт хэрэг үйлдэгдэх бас нэг газар болдог. Гэмт хэрэгтнүүд казинод хуурамч мөнгө, бүхэл дэвсгэртүүдийг угаадаг.Учир нь тэдгээрийг бусад газарт хууль ёсны мөнгө болгох нь маш эрсдэлтэй байдаг.

-Ямар улс орнууд мөнгө угаахад хамгийн өртөмтгий байгаа вэ?

-Банкны эрх зүйн зохицуулалтын дүрэм, журамгүй банкыг үр ашигтай удирдах менежмэнтийн зарчмыг баримталдаггүй, мэргэжилтэй боловсон хүчин хомс газрууд юуны өмнө өртөх магадлалтай. Мөнгө угаах гэдэг бол дэлхийн хэмжээний асуудал болоод байгаагийн дээр улс орнууд хүчээ нэгтгэн хамтран тэмцэж байж л амжилтад хүрэх нөхцөл бүрдээд байна.

-Манай улс саарал жагсаалтад орсны нэг шалтгаан мөнгө угаах гэмт хэрэг гэж байгаа. Монгол Улсын хувьд мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхийн тулд цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?

-Олон улсын хэмжээнд НҮБ-ын мөнгө угаахтай тэмцэх хөтөлбөр, санхүүгийн хяналтын байгууллагын (FATF) зөвлөмжүүдийг дагаж мөрдөх зэргээр мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлж тэмцэж байна.

Санхүүгийн гэмт хэрэг даяаршилтай холбогдон ихээхэн өсөн нэмэгдэж байгаа учраас үндэстэн дамнасан гэмт хэргүүд, терроризмтой тэмцэх үүрэг бүхий олон улсын хэмжээний санхүүгийн хяналтын алба буюу санхүүгийн тагнуулын үүрэг роль ихээхэн нэмэгдэж байна.

Одоогийн байдлаар олон улсын хэмжээнд мөнгө угаах терроризмыг санхүүжүүлхийн эсрэг зарчимуудыг мөрдөн ажиллахын зэрэгцээ комиссоос батлан гаргасан 40 зөвлөмжийн хүрээнд дэлхийн улс орнууд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байна.

Мөнгө угаах явдлыг хязгаарлах, түүнтэй тэмцэх ажил нь, эрх зүйн, зохион байгуулалтын, арга ажиллагааны гэсэн гурван хүрээнд явагдвал зохилтой.

Эрх зүйн хүрээнд зохицуулалтын арга хэмжээг үндэсний болон олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх шаардлагатай.

Үндэсний хууль тогтоомжийн хувьд олон стандарт, тухайлбал мөнгө угаахтай тэмцэх тусгай комиссын гаргасан зөвлөмжүүд, электрон банкны эрсдэлийн менежмэнтийн зарчмууд зэрэг баримт бичигт мөнгө угаах болон сэжигтэй үйлдлийг илрүүлэх бодит арга хэмжээг зааж өгсөн байдаг.

Манай улсын хувьд мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа олон улсын туршлагаас суралцах, хөгжингүй орнуудаас техникийн туслалцаа авах, НҮБ, олон улсын санхүүгийн хяналтын комисс, ФАТФ, бүс нутгийн байгууллага, дэлхийн гаалийн байгууллагаас туслалцаа авах, боловсон хүчнийг сургаж бэлтгэх, дадлагажуулахад онцгой анхаарах хэрэгтэй.

Мөнгө угаахтай тэмцэх ажлыг үндэсний хэмжээний үйл ажиллагаа болгосноор үр дүнд хүрнэ.

ШИНЭ МЭДЭЭ