"Төсвийн орлого тасрахгүй, хоёр хүний маргаан болж хувирлаа"
2019.11.07
Уул уурхай, Ашигт малтмал

"Төсвийн орлого тасрахгүй, хоёр хүний маргаан болж хувирлаа"

Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/ Ашигт малтмалын хуулийн зарим заалтыг хүчингүй болгох шийдвэр гаргасан нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхгүй болох нөхцөл байдал үүсээд буй.

Тодруубал, ҮХЦ АМНАТ-ийг давхардуулж авч байна гэж үзсэн. Тиймээс хуулийн хугацаанд холбогдох хуулийг засах үүрэг хүлээж  Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг өнөөдөр /2019.11.07/ хуралдсан. Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас  хэвлэлийнхэн зарим зүйлийг тодрууллаа.

Тэрбээр АМНАТ болон үйлдвэрлэлийн бодлого уул уурхайн яамны мэргэжлийн чиг үүргийн асуудал учраас яамдын мэргэжлийн хүмүүс зөв ойлголцож шийднэ.  2019 оны байдлаар АМНАТ-аас  1.2 их наяд төгрөг төвлөрүүлэх үүрэгтэй явж байгаа. Харин энэ сарын 1-ний байдлаар 1.1 тэрбумыг төвлөрүүлээд байна. Үлдэж байгаа хугацаанд 100 тэрбум ороод ирнэ. Ер нь орлого давах төлөвлөгөөтэй байгаа. 2020 онд 1.3 их наядыг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Энэ ажил явдгаараа л явна.

Орлого тасрахгүй. Нийгэмд буруу, зөрүү яриад сүүлдээ хоёр хүний хоорондын ч маргаан юм шиг болж байна. Монгол төр гэдэг бол нэгдсэн бодлоготой. Татварын төрийн бодлого явах ёстой.

Татвартай холбоотой асуудлыг шийдэх бүрэн эрх Их хуралд байгаа. Тиймээс  УИХ-аар оруулаад асуудлыг шийдээд явна. Уул уурхайн яамнаас алт, нүүрс зэс, жонш, төмөр гэх мэт бүх зүйлтэй холбоотой төлөвлөөгөө 103-139 хувиар давж байгаа. Тэгэхээр энд ямар нэгэн байдлаар санаа зовох зүйлгүй.

Асуудлыг улс төржүүлээд юм уу, бие биеийгээ буруутай гэж ярих юм ерөөсөө байхгүй. Монгол төрийн бодлого бол АМНАТ-ийн суурь таван хувиа авах ёстой.

Дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд Шивээ-Овоо, Багануур, Шарын гол гээд эрчим хүчний үндэсний үйлдвэрлэлийг хангаж байгаа нүүрсний үйлдвэрүүд дээр таван хувийн татвар тавьж болохгүй. 2.5-аараа явахгүй бол таван хувийн татвар тавивал эргээд гэрэл цахилгааны үнэ нэмэгдэх, иргэдийн нуруун дээрх ачаалал нэмэгдэх асуудал байгаа.

Дотооддоо нүүрсний үйлдвэрүүдээ дэмжих бодлогыг Уул уурхайн яамнаас гаргаад, шийдвэрүүдээ гаргаад явж байгаа. Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр гэж анх удаа Монгол Улсад гарсан. Энэ бодлого дээр Эрдэнэт, Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн  уурхайгаа түшиглэсэн олон үйлдвэрүүд ар араасаа гараад явах ёстой гэж бодлого барьж ажиллаж байна. Үүний тулд үндэсний үйлдвэрүүдээ босгож ирэх гол зүйл нь татварын зөв бодлого” гэсэн тайлбарыг өгөв.

ШИНЭ МЭДЭЭ