МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа
2019.11.12
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

-Байгалийн ургамлын тухай хууль 1995 онд батлагдаж, 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж, өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюулд тулгараад байгаа

-“Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан зэргийг үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд:

1. Нутаг орны хэмжээнд нөөц нь багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх;

2. Нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй орчинд тарималжуулан хадгалан хамгаалах ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх;

3. Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хамтаамал, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах;

4. Эко системийн унаган төрхийг хадгалан хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулахыг, хүнс техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох;

5. Байгалийн ургамлын биологийн нөхөн сэргээлт хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан байна.    

ШИНЭ МЭДЭЭ