МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана
2019.11.18
Эрүүл мэнд

Хүүхдийн эмч нар ОХУ-д хүүхдийн яаралтай тусламжийн чиглэлээр суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 13-г нь  эх орондоо эмчилдэг болсон. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ОХУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. 

Энэхүү үйл ажиллагаа нь Монгол, Оросын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах гэрээгээр хийгдэж байгаа тул бүх зардал ОХУ-аас гарч байгаа.

Эх орондоо эмчлэгдэхгүй байгаа өвчнийг эмчилдэг болох боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор  энэхүү сургалтын санхүүжилтийг зориулж байгаа гэдгийг уулзалтын эхэнд  онцолоод сургалтад хамрагдсан эмч нар өөрийн мэдлэг, туршлагыг улам батжуулж, шинэ мэдлэг, туршлага, мэдээллийг олж авах, сайн туршлагаас харилцан суралцаж, бусдад түгээн, өөрийн байгууллага дээр тодорхой өөрчлөлт хийж, шинэ санаа санаачилга нэвтрүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

Энэ удаа Москва хотын Хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, практик сургалтын үндэсний төвд 2019 оны 11 дүгээр сарын 18-29-ний өдрүүдэд зохион байгуулагдах хүүхдийн яаралтай тусламжийн асуудлаарх сургалтад нийслэл, орон нутгийн нийт 15 хүүхдийн эмч мэргэжилтнүүд сургалтад хамрагдах гэж байна.  

Үүний зэрэгцээ ОХУ-ын Москва хотын В.И.Кулаковын нэрэмжит Эх барих, эмэгтэйчүүд, перинаталогийн төвийн сургалтын төвд 2012-2019 онд нийт 75 эх барих, эмэгтэйчүүдийн эмч, Санкт-Петербург хотын Хүүхдийн халдварт өвчний эрдэм шинжилгээний хүрээлэнд 2012-2019 онд нийт 66 хүүхдийн эмч хүүхдийн халдварт өвчний үеийн яаралтай тусламж, сэхээн амьдруулалтын сургалтад хамрагдаад байна. 

ОХУ-д зохион байгуулагдаж байгаа эдгээр сургалтууд нь манай улсын эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах Мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нотолгоонд суурилсан үр дүнтэй, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн. Онол-дадлага хосолсон эдгээр сургалтууд нь эмч мэргэжилтнүүдэд мэргэжлийн чиглэлээр онолын мэдлэгээ дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт арга техникээс суралцах, харилцан мэдлэг, туршлага солилцоход ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болдог юм.

Түүнчлэн сургалтууд нь лекц, дадлага гардан үйлдэл, эргэх холбоотойгоор явагдаж, иж бүрэн тоноглогдсон сургалтын лабораторид олон төрлийн муляж ашиглаж явуулдаг нь эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулахад ихээхэн чухал ач холбогдолтой.

ШИНЭ МЭДЭЭ