МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг баталлаа
2019.11.21
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.21/ нэгдсэн хуралдаанаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцууллаа.

Тогтоолын төсөл хоёр зүйлтэй. Нэгдүгээр зүйлээр Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил өрнүүлэхийг Засгийн газарт даалгах юм.

Үүнд:

  • -Засгийн газар, “Рио Тинто интернейшнл холдинг” болон “Айвенхоу Майнз” компанийн 2009 оны 10 дугаар сард байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд байгуулсан “Эрдэнэс Монгол”, “Айвенхоу Оюу Толгой”, “Оюу Толгой Нидерланд Би Ви”, “Оюу Толгой” компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээг УИХ-ын 2008 оны “Үндсэн зарчим, удирдамж батлах тухай” тогтоол, 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” тогтоол болон Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд сайжруулах цогц арга хэмжээ авах, энэ чиглэлд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авахыг даалгаж буй юм.
  • -Засгийн газар, “Оюу Толгой”, “Ресурс Лимитед”, “Ти Эйч Ар Оюутолгой”, “Оюу Толгой Нидерланд”, “Рио Тинто интернейшнл холдинг” компанийн 2015 онд байгуулсан Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль, тогтоомжид нийцүүлэн сайжруулах
  • -Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны ТЭЗҮ-ийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл АМНАТ-өөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах
  • -Оюутолгойн ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементын нөөцийн үнэлгээг Монгол Улсад мөрдөж буй олон улсын стандартын дагуу дахин хийж, үүнд үндэслэсэн ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, эрх бүхий байгууллагаар дүгнэлт гаргуулах
  • -Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг Говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох
  • -УИХ-ын даргын захирамжаар байгуулсан Оюутолгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын багийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэх цогц арга хэмжээ авах
  • -Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг олон улсын түвшинд хүргэж бэхжүүлэх

Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт аван санал хураалт явуулахад гишүүдийн 100 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ