МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2019.11.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.22/  нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулсан юм.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмжээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байгаа аж. 2018 онд 21 аймагт хийсэн хоршоодын хөгжлийн үнэлгээнд орон нутгийн нийт 3020 хоршоо хамрагдсанаас 239 нь тогтвортой өсөлттэй, 580 нь  үйл ажиллагаа нь тогтвортой хөгжиж байгаа, 877 нь идэвхжиж буй, 1324 нь үйл ажиллагаа нь зогсонги байна гэсэн дүгнэлт гарчээ. Үнэлгээнд хамрагдаагүй 673 хоршоо бүртгэлтэй боловч оршин тогтнодог эсэх, хоршооны зарчмаар ажилладаг эсэх нь тодорхойгүй буй аж. 

Хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.


Тэрбээр, Хуулийн төсөлд хоршоо нь гишүүнчлэл, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр гадаад, дотоод эх үүсвэр татах, 100-аас дээш гишүүнтэй, эсхүл 1 тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоод хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн зах зээлд хязгаарлагдмал хүрээнд үнэт цаас гаргах, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдснаар хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага, зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцийн хувьд бэхжих, хоршооллын салбарын мэдээлэл, судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татвар, аудитын зөрчилтэй асуудлыг арилах зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хоршооны үйл ажиллагаагаар дамжуулан хөдөөг хөгжүүлэх хөшүүргийг бий болгох, ядуурал, ажилгүйдлийг бууруулах боломжийг цогцоор харж, бодлого хоорондын уялдааг хангах, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ард иргэдийг ажилтай, орлоготой байлгах үндэс нь хоршоо бөгөөд хоршооны менежментийн олон улсад үр дүнгээ өгсөн тэргүүн туршлагыг тусгах, УИХ-ын гишүүн С.Чинзориг зөвхөн малчид ч биш хөдөөгийн залуучуудыг хөдөлмөр болон эд хөрөнгөөрөө хорших замаар ажлын байртай болгох, албан бус секторт ажиллаж байгаа бүртгэлгүй ажиллагсдыг бүртгэлжүүлэх, нийгмийн даатгалын асуудлыг сайжруулах, тэдгээрийг албан секторт шилжүүлэх боломж бүрдэнэ гэсэн саналыг гаргасан болно.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ