2019.12.04
Улстөр
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын дэд дарга, Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан өнөөдөр (2019.12.03) Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиудын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль анх 1996 онд батлагдаж, 2007 онд Орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, 2012 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль гэх мэтээр өөрчлөгдөж ирсэн бөгөөд 2015 оны Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай хамт нэг хуулиар зохицуулагдах болсон билээ.
Өөр өөрийн онцлогтой сонгуулиудыг нэг хуулиар зохион байгуулахад тодорхой хүндрэл, ойлгомжгүй байдал үүсэж байсан тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгож, дагнасан хуулиар зохицуулах шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд:
- - Сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх;
- - Дахин сонгуулийг тухайн шатны Сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг 50 хоногийн дотор товлон зарлах;
- - Нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох;
- - Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, нам эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлэх өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн орон нутгийн Хурлын сонгуульд оролцож, хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй байх;
- - Нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5-р сарын 1-нээс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх;
- - Сонгуулийн зардлын гүйцэтгэлд тавих хяналтыг илүү сайжруулах, үр дүнтэй болгох талаар төрийн аудитын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх;
- - Нэр дэвшигч, нам, эвслийн сонгуулийн зардлын тайланд хийсэн Аудитын дүгнэлт нь нийтэд ил тод, нээлттэй, мэдээлэл авах боломжтой байх зэрэг онцлог зохицуулалтуудыг тусгасан байна.
ШИНЭ МЭДЭЭ
Тосонцэнгэл сумын иргэдтэйгээ уулзалт хийлээ
2019.11.29