МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрөөс баримтлах 2020 оны мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019.12.04
Эдийн засаг, Худалдаа

Төрөөс баримтлах 2020 оны мөнгөний бодлогын эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.04) хуралдаан 11 цаг 07 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналуудыг тогтоолын төсөлд тусгаж, үг хэллэг, найруулга,  хууль зүйн техникийн засварыг хийж эцсийн хувилбарыг тараасан гэдгийг дурдав.

Хуралдаанд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Гарамжав нар хадгаламжийн хүү хэт өндөр байгаа нь эргээд зээлийн хүү өндөр байгаагийн шалтгаан нөхцөл болж байгааг тодотгоод, зээлийн хүү болон хадгаламжийн хүүг бууруулах асуудалд Монголбанкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар тодруулсан.  

Ажлын хэсгийн зүгээс зээлийн хүүгийн өндөр байгаа гол шалтгаан нь хуримтлалын төвлөрөл, хадгаламжийн хүү хэт өндөр байгаатай холбоотой гэж байлаа. Түүнчлэн Монголбанкнаас өнгөрсөн 07 дугаар сарын 01-нээс зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийн журмуудыг шинэчлээд арилжааны банкуудын эх үүсвэрийн төвлөрөлд хязгаарлалтууд тавьжээ.

Ингэснээр  төвлөрлийн эрсдэл буурч зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ гэж байлаа. Мөн Монголбанкны бодлого, хөтөлбөрийн хүрээнд банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлсэн. Банкны эрсдэл даах чадвар, өөрийн хөрөнгө нь нэмэгдэхээр эргээд зээлийн хүүд эерэг нөлөө үзүүлнэ. Энэ мэтчилэн Монголбанкны зүгээс зээлийн хүүг бууруулах асуудалд цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгааг хариултдаа дурдсан.

Ингээд тогтоолын төслийн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг  Улсын Их Хурлын гишүүн  Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

ШИНЭ МЭДЭЭ