МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хар тамхины хэрэгт БҮХ НАСААР нь хорих ял онооно
2019.12.03
Хүний эрх

Хар тамхины хэрэгт БҮХ НАСААР нь хорих ял онооно

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Хар тамхи, мансууруулах бодисын хяналт, хууль, эрх зүйн орчны талаарх ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр (2019.12.03) Төрийн ордонд зохион байгууллаа. 

Сонсголыг УИХ-ын гишүүн Н.Учрал даргалан явуулсан. Уг сонсголд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, О.Баасанхүү, Хууль зүй, дотоод хэргийн яам,  Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл,  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн,  Гаалийн ерөнхий газар,  Улсын ерөнхий прокурорын газар зэрэг байгууллагууд болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцов. 

УИХ-ын гишүүн Н.Учрал сонсголыг нээж хэлсэн үгэндээ, “"Цагаан тахал" болсон энэ асуудлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай олон талаас нь хэлэлцэж байна.  Хар тамхитай тэмцэхэд зөвхөн ялын бодлогыг чангатгаад асуудал шийдэгдэхгүй. Мөн хууль хяналтын байгууллага дангаараа тэмцэж дийлэхгүй, олон нийтийн хамтын ажиллагаа чухал юм.

Олон улсын жишиг ч ийм байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад урлаг соёл, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо хамгийн чухал. 1999 онд 1000 хүн тутмаас шинжилгээ авахад 16 орчим хүн л хэрэглэсэн байдаг байсан бол 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө шалгалт хийхэд зөвхөн нэг шөнийн цэнгээний газарт байсан 87 хүний 25 нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байгааг илрүүлсэн. Иймээс энэ асуудлыг нэн даруй цэгцлэх шаардлагатай.

Хар тамхи сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг ерөнхий боловсролын сургуулийн сурагч, их дээд сургуулийн оюутнуудад таниулах, олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, асран хамгаалагчид хүүхдүүдээ анхаарч хяналт тавьж байхыг хүсэж байна. Нийгмээрээ хар тамхитай тэмцэхийг уриалж байна" гээд цаашид УИХ-аас зохион байгуулагдах ерөнхий хяналтын сонсголд иргэд, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодын идэвхтэй оролцож байхыг урив.

Хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 гаруй хувь нь 19-35 насны залуус байгааг албаныхан хэлж байна.  2019 оны эхний 9 сарын байдлаар энэ төрлийн 169 гэмт хэрэг бүртгэгджээ. Жил бүр энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох хүний тоо 30 хувиар нэмэгдэж байна. Холбогдогч нь 31.1 хувиар өсжээ. 

Тодруулбал, 2006 онд Хар тамхитай холбоотой 6 хэрэгт 33 иргэн холбогдож байсан бол 2019 оны байдлаар, 276 гэмт хэрэгт 415 иргэн холбогджээ. Жил ирэх тусам хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг нэмэгдэж байгаа нь нийгэмд хамгийн гол тулгамдсан асуудал болоод буйг хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаныхан хэлж байлаа.

Үүний шалтгаан нь Нэгдүгээрт хүүхэд, залуучууд хар тамхи, мансууруулах бодисын хор уршгийн талаар ойлголт муу, өөрийн бие махбод эрүүл мэндэд учирч болох эрсдэлийн талаар мэдлэггүйгээс болж энэ төрлийн бодисын хэрэглээ олширсон байна. Хоёрдугаарт, цагдаа, гааль зэрэг холбогдох байгууллагын үйл ажиллагаа энэ чиглэлд илүү эрчимжиж байгаатай ч холбож үзэж болох юм. 

Тиймээс үүнд арга хэмжээ авахын тулд Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төсөлд хар тамхитай холбоотой гэмт хэргийг зохион байгуулалттай үйлдсэн иргэнийг 12-20 жил, эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан байна. Тодруулбал, хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдаалах, хадгалах, хэрэглэгчид орон байраар хангах, мансууруулах үйлчилгээтэй ургамал тариалах, бусдад дамжуулах зэрэг үйлдэлд оноох ял шийтгэл чангарч байгаа юм байна.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгоод өнгөрдөг. Тиймээс иргэдээс хар тамхи хэрэглэсэн иргэнд оноох хариуцлагыг Эрүүгийн хуульд оруулах саналыг ХЗДХЯ-нд ирүүлдэг байна. Гэвч Монгол Улс нэгдсэн орсон олон улсын гэрээ, конвенцын дагуу дээрх саналыг хүлээн авах боломжгүй аж. Учир нь олон улсад мансууруулах бодис хэрэглэгчийг өвчтөн гэж үздэг бөгөөд өвчтөнийг мансууруулах бодисын хамаарлаас гаргах эмчилгээний стандартыг илүү боловсронгуй болгох, нийгэмшүүлэхэд анхаарч буйг ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл хэллээ. Тэрбээр, "Сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2015-2020 онд хэрэгжүүлэхээр ХЗДХЯ-наас боловсруулж батлуулсан. Энэ хүрээнд хар тамхитай тэмцэх хууль эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгох ажлыг түлхүү хийж байна" гэлээ. 

Дэлхийн 101 орны туршлагаас үзэхэд, мансуурах, донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал гэж үздэг байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д таван жилийн өмнө 20 гаруй донтогч хяналтад ордог байсан бол сүүлийн хоёр жилд 50-60 иргэн хэвтэн эмчлүүлэх болсон талаар тус төвийн ерөнхий захирал Л.Насанцэнгэл хэллээ. Тэрбээр, "Хөгжингүй орнуудад ч эмчилгээний үр дүн сайн биш. Ихэнхдээ донтогчид орлуулах бодисоос буцаад сэтгэцэд нөлөөт бодист донтох магадлал их байдаг. Хамгийн гол анхаарах зүйл нь гол донтолтод өртөөд байгаа 19-35 насны залууст урьдчилан сэргийлэх ажил хийх шаардлагатай. Дэлхий нийтээрээ энэ төрлийн бодисыг өөр дээрээ туршиж хэрэглэхгүй байхыг чухалчилж байна.

Гэтэл манай өсвөр үеийн хүүхдүүд сонирхон хэрэглээд дуртай үедээ больчихож болно гэж ойлгодог. Гэвч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь архинаас 60 дахин илүү донтуулах үйлчилгээтэй. Ингэснээр хүний бие сэтгэл тухайн бодисоо үгүйлэх, улмаар түүндээ бүх амьдралаа зориулдаг. Цаашлаад бүх бие эрхтэнд нь сөргөөр нөлөөлдөг гэдгийг ойлгох хэрэгтэй" хэмээв.

Улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, хэрэглэх орон байраар хангах, завших, мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах 293 гэмт хэрэгт 461 хүн холбогдож ял шийтгүүлж, эрүүгийн хариуцлага хүлээсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдийн дийлэнх буюу 64,9 хувь нь 18-29 насны, 56.8 хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульгүй иргэд байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргасан судалгаанд дурдсан байна.  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан хүний тоо урьд оноос 22 хувиар өссөн. Иймд энэ төрлийн эм, бодисыг хэрэглэсэн тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг болох, Эрүүгийн хуульд заасан ялын бодлогыг чангатгах шаардлагатайг албаны хүмүүс хэлж байна. Тухайлбал, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн төрөл, хэмжээ, хор уршгаас хамааран ялыг бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ