МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

​Б.Баттөмөр: Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ОУВС-гийн хөтөлбөр цуцлагдана
2019.12.05
Эдийн засаг, Худалдаа

​Б.Баттөмөр: Төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ОУВС-гийн хөтөлбөр цуцлагдана

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны төсвийн тухай хууль хэсэгчлэн хориг тавиад байгаа. Хоригийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Ерөнхийлөгч 2020 оны Төсвийн тухай хууль дээр хэсэгчилж хориг тавьсан. Та хоригийн үндэслэлүүдийг хэр бодитой гэж үзэж байгаа вэ. Хоригийг хүлээж авахыг дэмжих үү?

-Хэрвээ УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал Олон улсын валютын сангийн хөтөлбөрөөс гарна гэсэн үг. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж тохирсон. Хэрвээ энэ тохиролцооноосоо буцвал ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах нөхцөл байдал үүснэ.

Уг нь ирэх оны тавдугаар сарын 24-нд хөтөлбөрөөс гарах ёстой. ОУВС-тай бүх төвшинд тохироод энэ хөтөлбөр хэрэгжиж байна. Гэтэл төгсгөлд нь ингэж болох уу, үгүй юү. Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ хөтөлбөрөөс гарсны дараа төсөвтөө тодотгол хийгээд өөр эх үүсвэр олох ч гэдэг юм уу арга замууд бий. Гэтэл шууд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал ОУВС-гийн хөтөлбөрөөс гарах нөхцөл байдал үүснэ.

-Та Ерөнхийлөгчийн хоригийг үндэслэлгүй гэж үзэж байгаа юм уу?

-ОУВС-гийн хөтөлбөрөөс татгалзъя, болъё гэж бодож байгаа бол хоригийг хүлээж авах байх. ОУСВ-гийн санхүүжилт орж ирээд явж байгаа. Маш бага хүүтэй, урт хугацаатай зээл. Валютын сангийн хөтөлбөрт ороогүй бол бид улс орноо авч явж чадахгүй байна. Одоо чадаж байна гэж бодож байгаа бол хөтөлбөрөөсөө гараад нийгмийн даатгалын шимтгэлээ хасч болно.

-Ерөнхийлөгч хориг дээрээ Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг “Капитал” банкнаасаа гаргаж ав гэсэн байсан?

-“Капитал” банкны асуудал бол тусдаа. Энэ банкны асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаад явж байгаа. “Капитал” банкинд хэчнээн хөрөнгө байгаа юм. Түүнийг нь үнэлээд зарна. Улсад ямар хэмжээний хохирол учруулсан түүнийг нь төлүүлнэ. Нийгмийн даатгалын 105 тэрбум төгрөг байгаа юм билээ.  

-Мөн 350 тэрбум төгрөгийг сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтад зориулж төсөвлөсөнд хориг тавьсан. Үүнийг дэмжих үү?

-Төсвөө дайчлаад бүтээн байгуулалт хийж байгаа нь юу нь буруу юм. Буруу биш шүү дээ. Хөдөө орон нутаг, нийслэл гэлтгүй сургууль, цэцэрлэг маш их хэрэгтэй байна. Монгол Улсын ирээдүйг өв тэгш, боловсролтой болгоё гэвэл сургуулийн өмнөх боловсролыг дэмжих хэрэгтэй. Орон нутгийн сургууль, цэцэрлэг төвлөрсөн халаалтгүй байна. Ус байхгүй. Халаалт, ус, 00 гэдэг хүний анхны хэрэгцээ. Тиймээс үүнд оруулсан хөрөнгө оруулалт дээр хориг тавьж байгааг ойлгохгүй байгаа.

ШИНЭ МЭДЭЭ