МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулав
2019.12.04
Улстөр

ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.04) хуралдаан 15 цаг 45 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т “Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ”, 41.2-т “Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн тус тус заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулав. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэр дэвшигч Болдын Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналтай байгааг тэрбээр танилцуулсан.

Болдын Амарбаясгалан нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981-1991 онд Нийслэлийн Баянгол дүүргийн оросын II дунд сургууль, 1991-1995 онд Монгол Улсын Их сургуулийн хуулийн баклавар, 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр, 2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд хууль зүйн ухааны докторын зэргийг тус тус дүүргэсэн байна. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны докторын зэрэгтэй, хуульч цолтой. Тэрбээр 1995-1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, 1998-2007 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, 2007-2013 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд ахлах багш, 2013-2017 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Сургалтын албаны дарга, 2017 оноос Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байгаа аж.

Нэр дэвшигч нь шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбооны дүгнэлтээр мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан хэмээн үзжээ. 

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар

Л.Мөнхбаатар нар асуулт асууж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс зарим зүйлийг тодруулав. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд шүүхийн салбар дахь өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай тул холбогдох хуулийн төслүүдийг боловсруулах нь зүйтэй гэдэг саналыг гишүүд хэлж байв. Ийнхүү Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ