Л.Мөнхбаатар: Эрүүгийн эрх зүйн онол практикийн туршлагатай хүн орж ирж байгааг дэмжиж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ хуралдаанаар, Улсын дээд шүүхийн шүүгчээр Болдын Амарбаясгаланг томилохыг дэмжиж, энэ талаар бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхбаатар:
УИХ-аас Шүүхийн шинэтгэлийг явуулахад анхаарал тавьж ажиллаж байгаа. Шүүхийн тухай багц хуулиуд болон процессын хуулиуд батлагдлаа. Мөн УИХ-аас шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор шүүхийн төсвийн бие даасан байдал, шүүгчийн цалин хангамж, аюулгүй байдлын асуудал зэргийг боломжоороо бусад төрийн албан хаагчаас үнэмлэхүй илүү байдлаар шийдвэрлэж ирлээ.
Нөгөөтэйгүүр, Шүүхэд итгэх итгэлийн асуудал хамгийн чухал. Саяхан Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд итгэх иргэдийн итгэл” судалгааны дүнг танилцуулсан. Энэ төрлийн судалгаа явуулж байгаа нь сайн хэрэг. Цаашид энэ судалгаагаа илүү хөндлөнгийн, хараат бус болгох талаар сайн ажиллаж, илүү боловсронгуй болгох хэрэгтэй.
Уг судалгаанд иргэдийн шүүхэд итгэх итгэл 60 хувь, итгэхгүй буюу эргэлздэг хэсэг 20 орчим хувь гэж гарсан байна. Сант маралын судалгаанд оролцогчдын 42 хувь шүүхэд итгэдэг, 55 хувь нь итгэдэггүй гэсэн байна. Хэдийгээр хоёр өөр судалгаа харьцангуй өөр үр дүнгүүд боловч Шүүхэд итгэх итгэлийн хувь хэмжээг өсгөх шаардлагатай.
Тиймээс иргэдийн шүүхэд итгэх итгэлийг сэргээсэн бодлого чиглэлтэй арга хэмжээнүүдийг хийх хэрэгтэй. Зөв хүнээ сонгон шалгаруулах нь хамгийн чухал байна. Б.Амарбаясгалан багшийн хувьд Эрүүгийн танхимд ажиллахаар байгаа. Эрүүгийн эрх зүйн чиглэлээр 20 гаруй жил судалгаа хийж, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байсан онолын бөгөөд практикийн туршлагатай хүнийг оруулж ирж байгааг дэмжиж байна.