МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав
2019.12.05
Эдийн засаг, Худалдаа

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг батлав

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхийг хэлэлцлээ.

“Сүүлийн 3 жилд Монголбанк эдийн засгийг тогтворжуулж, сэргээх, гадаад өрийн дефолтоос зайлсхийж, эрсдэлийг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлж, дархлааг сэргээхэд чиглэсэн бодлого арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Эдийн засгийн сэргэлтийг мөнгөний бодлогоор дэмжих зорилгоор мөнгөний бодлогын хүүг 2017, 2018 онд шат дараатай бууруулснаар банкны салбараас бодит эдийн засаг руу нийлүүлэгдэх санхүүжилт нэмэгдэж, зээлийн хүү буурсан нь эдийн засгийн сэргэлтэд чухал дэмжлэг боллоо.

Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход Монголбанкны ирэх жилүүдийн бодлого, үйл ажиллагаа чиглэнэ” хэмээн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийн үзэл баримтлалд дурджээ.  

Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан нар  асуулт асууж тодруулав.

"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул тогтоолын төслийг баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ