МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2019.12.05
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.12.05/ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын дөрвөн гишүүнээс  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа.

ЭЗБХ-ны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа танилцууллаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Сүхбат, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулсан бол О.Баасанхүү,  Х.Баделхан, Б.Бат-Эрдэнэ, Ш.Раднаасэд нар хуулийн төслийг дэмжиж үг хэлсэн.

Ингээд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороон шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ