МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Холбогдох хуулиудыг нэгтгэн зохицуулах Орон сууцны тухай хуулийн төслийг өргөн барилаа
2019.12.03
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Холбогдох хуулиудыг нэгтгэн зохицуулах Орон сууцны тухай хуулийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Орон сууцны тухай хууль анх 1999 онд батлагджээ. Түүнээс хойш хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан боловч хуулийн хэрэгжилт хангалтгүй, өнөөгийн нөхцөл байдалд нийцэхгүй, орон сууц ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулсан зохицуулалтууд нь хуулийн зорилгыг бүрэн хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт тус хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээгээр тогтоогдсон байна.

Түүнчлэн 2003 онд батлагдсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалт амьдралд нийцэхгүй, хэрэгжилт хангалтгүйгээс зөрчил маргаан гарсаар байна. Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1064 холбоо, мэргэжлийн 130 байгууллага ажиллаж байгаа боловч ШӨХТГ-т 2018 онд л гэхэд иргэдээс 1850 гомдол ирсний дотор хамгийн их буюу 31.6 хувийг барилга, орон сууц, сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах асуудал эзэлж байгаа юм.

СӨХ-нд мэргэжлийн бус хүмүүс ажилладаг, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах хөрөнгийн хуримтлал бүрдүүлдэггүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй, нөгөө талаас холбогдох зардлыг иргэдээс шууд нэг дор төвлөрүүлэх санхүүгийн боломж байхгүй байгаа зэрэг асуудлаар иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд байнга ханддаг байна.

Тиймээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой асуудлыг нарийвчлан зохицуулах, мэргэжлийн байгууллага, СӨХ-ны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, орон сууцны барилгын ашиглалтыг сайжруулж, сууц өмчлөгчдийн эрх ашигт нийцүүлэх шаардлагыг үндэслэн Орон сууцны тухай болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн зохицуулалтуудыг нэгтгэн Орон сууцны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан байна.

Хууль батлагдсанаар:

-Төрөөс орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай тогтолцоо бий болох;

-Түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, хөгжүүлэх төрийн урт хугацааны, тогтвортой бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх;

-Орон сууцны барилгын дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, үйлчилгээтэй холбогдсон тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэж, орон сууцны барилгуудын ашиглалтын түвшин сайжирч, насжилт нэмэгдсэнээр иргэдийн эрүүл, аюулгүй орон сууцанд амьдрах эрх баталгаажих;

-Мэргэжлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний чанар дээшилж, иргэдийн төлбөрийг зориулалтын дагуу ашиглах боломж бүрдэж, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих төрийн зохистой оролцоо бий болох зэрэг эерэг үр дүн гарна гэж төсөл санаачлагчид үзэж байна.   

ШИНЭ МЭДЭЭ