МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ
2019.12.11
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2019.12.11/-ийн хуралдаанаар  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ  хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулсан. 

Монгол Улсын Үндсэн хуулийн  16 дугаар зүйлийн 2-т  заасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”. Мөн УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.3.1-ын Зорилт-2-д “Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ." гэж заасан байна.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэхдээ, хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон. 

ШИНЭ МЭДЭЭ