МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Энх-Амгалан: 1072 хувьцааны ногдол ашгийн талыг нь зарцуулаагүй
2019.12.12
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Энх-Амгалан: 1072 хувьцааны ногдол ашгийн талыг нь зарцуулаагүй

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ, Б.Энхжаргал

  • Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг бүтээгдэхүүн урьдчилан борлуулах замаар шийднэ
  • Хөгжлийн банкнаас зээл  авч хилийн наана нүүрс тээврийн жолооч нарт зориулсан хоёр том кемп байгуулна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга авлаа.


-Танай намын бүлгээс сонгуулийн хуулийн төслийг эргэж харахаар шийдвэрлэсэн байна. 

Тийм. Эргэж ярья гэсэн. УИХ дахь бүлэг болон Удирдах зөвлөлийн хүрээнд эргэж харахаар болсон. 

-Аль заалтыг нь эргэж харахаар байгаа вэ? 

-Сонгуулийн тогтолцоо буюу 50+26 хувилбар. Ер нь бол УИХ- ын гишүүнийг ард түмэн өөрөө сонгодог байя л гэсэн санаа. Тэгэхгүйгээр намын нэрийн ард нуугдаж байгаад дахин сонгогддог байж болохгүй. 

-МАН-ын дэргэдэх Стратеги бодлогын хүрээлэнгээс авлигын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх санал хүргүүлсэн гэж үнэн үү? 

-Би Удирдах зөвлөлийн гишүүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ асуудал зарчмын хувьд зөв. Аливаа хэрэг төвөгт холбогдсон хүмүүс намын олон мянган гишүүнээс дахин нэр дэвшиж таарахгүй шүү дээ. 

-Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар ЭТТ ХХК-ийн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар сонсгол хийлээ. Иргэдэд очих байсан ногдол ашгийг танай салбарын бүтээн байгуулалт руу шилжүүлсэн. Санхүүжилтэд ямар хяналт тавьж байна вэ?

-Ноднин “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргаад ногдол ашгийг тараахгүйгээр улс орны бүтээн байгуулалтад зарцуулъя гэсэн. Нийт 750 орчим тэрбум төгрөгийг Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зориулж байна. Энэ ажил одоо ч үргэлжилж байгаа. Гэхдээ бүх мөнгийг зарлагадсан уу гэвэл үгүй. Энэ жил хийсэн ажлын хэмжээгээр уг мөнгөний тал орчим хувь нь бүтээн байгуулалтад зарцуулагдсан гэж ойлгож байгаа.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг эхэлж хөдөлгөх нь эдийн засгийн үр ашигтай байсан юм биш үү?

-Бид аливааг хоёр талаас нь харах хэрэгтэй. Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашигтай юу гэвэл ашигтай. Яагаад гэвэл шууд гарцтай. Энэ чиглэлийн төмөр замын суурь бүтэц нь 70- 80 хувь тавигдсан. Гэхдээ бид хоёр талын гарцтай болъё гэж зорьсон. Хоёрдугаарт, Тавантолгой орчмын 37 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага, хэрэгцээ байсан. Мөн эдгээр ордын үнэ цэнийг өсгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол 200- 400 орчим км газарт машинаар нүүрс зөөх гээд байна. Говийн хөрсөнд ч энэ нь таарахгүй. Бас нэг чухал зүйл нь энэхүү бүтээн байгуулалтыг үндэсний компаниуд өөрсдөө хийнэ. Тавантолгойн нүүрсний үндсэн хэрэглэгч Бугатын төмөрлөгийн үйлдвэр. Энэ нь Хангимандалын цаахна байгаа. Тиймээс цаашид Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр замаар гаргана. Өөрөөр хэлбэл, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд энэ чиглэлийн төмөр замыг тавьж байгаа юм. Гэхдээ “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр зам барих ажлыг ЭТТ, Тавантолгой төмөр зам компани хамтарсан консерциум байгуулаад эхлүүлсэн. Үндсэндээ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орно. Цаашид Зүүнбаян-Хангимандал чиглэлийн төмөр зам ч ашиглалтад орох ёстой. Энэ бол улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн нэмэр болох төслүүд. 

-Санхүүжилтийн асуудлыг нь хэрхэн шийдэж байгаа вэ? 

-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг бүтээгдэхүүн урьдчилан борлуулах замаар шийднэ. Манай нүүрсний үнийг урьдчилан төлөх байдлаар төмөр замын санхүүжилтийг босгоно. Харин бид төлбөрөө нүүрсээр төлнө гэсэн үг. 

-Өмнө нь бариад орхисон даланг яах вэ?

-Тэр суурин дээр төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн хийх бололцоо бий гэж үзсэн. Гэхдээ олон жил энэ хэвээрээ байж болохгүй. Удах тусам далан эвдэрнэ. 

-Тавантолгойн нүүрс тээвэрлэгч жолооч нарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? 

-Төмөр замаа тавиад дуусахаар жилд 30 сая тонн нүүрсийг төмөр замаар хил гаргана. Мөн 30 сая тонн нүүрс автомашинаар гаргах асуудал бий. Тэгэхдээ дөрвөн урсгалаар. Хойд талаас концессын гэрээний дагуу ачаатай машины даацын замын асуудал бий. Тэгэхээр нийт 60 орчим сая тонн нүүрс гаргах бололцоо бий. Мөн цаашид олон жилийн насжилттай, даац нь хэтэрсэн хятад машинуудыг шахах бодлого барина. Үүнээс гадна монгол жолооч нар Хятад руу гарч усанд ордог, автомашинаа засварладаг байдал бий. Хөгжлийн банкнаас зээл авч хилийн наана нүүрс тээврийн жолооч нарт зориулсан хоёр том кэмп байгуулах юм. Хувийн компаниуд ч гэсэн зөвшөөрөл авахын тулд заавал кэмп байгуулсан байх шаардлага тавьж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ